Шинэ үеийн худалдааны салбар Монголд үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд TRADE MONGOLIA-2021 форум энэ сарын 30-нд буюу маргааш цахимаар болох гэж байна.
Тус форумын эхний хэлэлцүүлэг нь Худалдааны орчин. Үүгээр эрх зүй, институц, худалдааны санхүүжилт, COVID-19 цар тахлын нөлөөний талаар оролцогчид харилцан мэдээлэл солилцож, тодорхой гарц шийдэлд төр, хувийн хэвшил хүрэх юм.
Хоёр дахь хэлэлцүүлэг нь цаг үеийн тулгамдсан асуудал болж эхэлсэн Тээвэр ложистик, хилийн боомтуудын асуудал бөгөөд уг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, чөлөөт бүс, экспортын талаар оролцогчид хэлэлцэх аж.
Мөн цахим худалдаа, цахим шилжилтийн талаар хөндөхөөр байна. Форумыг МҮХАҮТ-ын албан ёсны цахим хуудсаар шууд дамжуулна гэжээ.
Худалдааны салбарын харилцааг зохицуулсан бие даасан хууль одоо хүртэл байхгүй. Тус салбар нь 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр ДНБ-ий 15.4 хувь, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 40 хувийг тус тус бүрдүүлж байна. Ажиллах хүчний зах зээлд ч томоохон байр суурь эзэлдэг бөгөөд улсын хэмжээнд худалдааны салбарт 2020 онд 165.6 мянган ажиллаж байгаа нь нийт ажиллагсдын 14.7 хувийг эзэлж байна.
Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эцэст 22 их наяд төгрөг болж, 2019 оноос 1.6 их наяд төгрөг буюу 6.9 хувиар буурсан билээ. Худалдааны салбарын нийт борлуулалтын 83.6 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна.