ХОТЫН ДЭД ТӨВӨӨС ИРГЭД НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦОГЦООР НЬ АВАХ БОЛОМЖТОЙ

p17s44ukikagc1acqaup1qdc3bs2 НИТХ-ын ээлжит хуралдаан 05 сарын 30-ны өдөр болж, хуралдаанаар “Гэр хорооллын шинэ дэд төвийн байршил тогтоох тухай” асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.
Танилцуулгад “Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн тав тухтай, тохилог аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон Азийн хөгжлийн банк хамтран ажиллахаар хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан бөгөөд үүний хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр  хийгдэх гэр хорооллын дахин төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийг боловсруулаад байгаа юм. Хөрөнгө оруулалтын эхний үе шатад Улаанбаатар хотын хойд хэсгийн гэр хорооллын гүнд байрлах СХД-ийн 7, 8, 9, 10, 28-р хорооны нутаг дэвсгэрийн 1620 га, Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18-р хорооны 1560 га газарт 2 дэд төвийг дахин төлөвлөж хөгжүүлэх, 2 дэд төвийн 200,000 оршин суугчдад хотын дэд бүтцийн болон нийгмийн үйлчилгээг ойртуулан хүргэхээр  тусгажээ. Энэхүү дэд төвүүдийг Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020, 2030 оны Ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан цаашид нэмэгдэх хүн амын нягтаршлыг сааруулан хотын төвдөө төвлөрсөн бус дэд төвүүдээс цэцэрлэг, сургууль, автобусны үйлчилгээг иргэд авдаг байхаар нийгэм эдийн засаг, инженерийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээр тооцоолж байгаа юм. Мөн тухай дэд төвд амьдарж буй иргэдийг ажлын байраар ханган нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр төлөвлөсөн. Харин санхүүжилтын хувьд Азийн хөгжлийн банк 150-200 сая ам.долларыг төсөвлөсөн бөгөөд эхний ээлжинд 50 сая долларын зээлийг нийслэлд өгөх юм. Мөн ус хангамж, ариутгах татуургын ашиглалтыг сайжруулахад АХБ 3,7 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж, эхний үе шатанд 130 сая ам.доллар шаардлагатай байгаагаас 100 сая ам.долларыг нь АХБ-ны зээлээр,    30 сая долларыг нь Монголын тал хариуцах тохиролцоонд хүрсэн” гэж дурдлаа. НИТХ-ын төлөөлөгчид дээрхи хөтөлбөрийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай уялдуулан зохион байгуулах, иргэдийн санал, оролцоог чухалчлан ажиллах шаардлагатай талаар санал гаргаж, энэ асуудлыг дэмжсэн юм. Ингэснээр УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцүүлэхээр боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …