Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг 2021 оны 9 дүгээр сарын 06-нд /18:00 цагийн байдлаар/ хүлээн авлаа.
Энэ удаагийн сонгуульд оролцохоор Үнэн ба Зөв нам, Монгол ардын нам, Ардчилсан нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, “Зөв хүн-Электорат” эвсэл, Дэлхийн монголчууд нам, Иргэний зориг ногоон нам, Гэр хороолол хөгжлийн нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам нэр дэвшүүлж, хуульд заасан баримт бичгийг ирүүлээд байна.
Мөн Х.Бат-Ялалт 28 дугаар тойрогт, М.Чингисхаан 18 дугаар тойрогт тус тус бие даан нэрээ дэвшүүлж, холбогдох баримт бичгийг хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.11 дэх хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.