2020 оны 3 сард Коронавируст халдвар /КОВИД -19/ анх гарсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл резидент эмч нар суралцах хугацаандаа ковидын эсрэг нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан хариу арга, хэмжээ, тусламж, үйлчилгээ, тусгаарлан ажиглах байранд дайчлагдаж байна. 2021 оны эхний 7 сарын байдлаар 5521 резидент эмч дайчлагдсан байна.
Дайчлагдан ажилласан, ковидын халдвар авсан, улаан бүсэд ажилласан резидент эмч нарт ЭМС-ын тушаалаар нийт 550 сая төгрөгийн мөнгөн урамшуулал, хоолны мөнгөнд 298 сая төгрөг олгон, дайчилгааны хугацаанд нэг удаагийн хамгаалах хувцас, хэрэгслээр бүрэн хангаж, улсын төсвийн санхүүжилтээр суралцаж буй орон нутгийн резидент эмч нарыг дотуур байрны төлбөрөөс бүрэн чөлөөлөх зэрэг зохицуулалтыг бодлогын түвшинд хэрэгжүүллээ.
ЭМС-ын тушаалаар нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг зохион байгуулсан тусламж, үйлчилгээ, тусгаарлан ажиглах байранд дайчлагдан ажилласан 60 резидент эмчийг ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ “ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ”-ээр шагнаснаас төлөөлөл болгон Улсын нэгдүгээр төв эмнэлэг,Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн 12 резидент эмчид шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулав.
Шагнал гардуулах үйл ажиллагаанд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах байцаагч Г.Батсүрэн, Улсын онцгой комиссын шуурхай штабын А.Саранцэцэг, Цагдаагийн ерөнхий газрын хурандаа О.Чингэсболд нар оролцож резидент эмч нарт хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд идэвхи зүтгэл гарган, үр бүтээлтэй ажиллахыг хүслээ.
Мөн дайчлагдан ажилласан, төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон тасралтгүй сургалтын багц цаг биелүүлсэн эхний ээлжний 92 резидент эмчид ЭМС-ын 2021 оны А/ 489 дүгээр тушаалаар эмчлэх эрхийн зөвшөөрлийг 5жилийн хугацаатайгаар олгон, эмчлэх эрхийн зөвшөөрлийг резидент эмч нар гардууллаа. Цаашид дайчлагдан ажилласан резидент эмч нарт мөн олгохоор төлөвлөж байна.