Э.Есү: Халдвар авсан хүмүүсийн 20 орчим хувийг хүүхэд эзэлж байна

Коронавирусийн тархалт өндөр байгаа энэ үед бага насны хүүхдүүд ч халдвар авч байгаа. Мөн томуугийн улирал эхэлж байна. Томуу болон “Ковид-19”-ийн шинж тэмдэг төстэй учир  эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлэх үүднээс НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн Хүүхэд, өсвөр үеийн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Э.Есүтэй ярилцлаа.

-Коронавирусийн халдвараар өвчилж байгаа хүмүүсийн хэдэн хувийг бага насны хүүхдүүд эзэлж байна вэ?

-Манай улсад халдвар авч буй нийт хүмүүсийн 20 орчим хувийг, хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчдийн 7-8 орчим хувийг хүүхэд эзэлж байна. Өвчлөлийн байдал хүүхдийн дархлааны систем болоод бие махбодийн онцлогтой холбоотойгоор хүнд, хөнгөн хэлбэрээр илэрдэг. Өсвөр насны хүүхэд, эсвэл хоёроос бага насныхан хүнд, хүндэвтэр хэлбэрээр илүүтэй өвчилж, хүндрэх, уушгины хатгалгаа болоод бусад хүндрэл үүсэх эрсдэл өндөр байгаа. Ер нь хүүхэд хэт туранхай, эсвэл жингийн илүүдэлтэй, рахит сульдаа, цус багадалт, харшлын эмзэгшил зэрэг суурь эмгэггүй, өөр эрхтэн тогтолцооны архаг хууч өвчингүй, эрүүл буюу дархлалын систем хэвийн өсөж байгаа тохиолдолд амьсгалын замын болоод бусад өвчлөлд өртөх нь харьцангуй бага байдаг. Өвчилсөн ч хөнгөн хэлбэрээр өвчлөөд, хүндрэлгүйгээр эдгэрдэг.

-Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-ийн хяналтад, гэрээр эмчлүүлж байгаа хүүхдүүдэд ямар эмийн багц хүргэж байна вэ. Халдвар авсан хүүхдийн эцэг, эхчүүдэд юуг анхааруулах вэ?

-ӨЭМТ-өөс хүүхдийн болон насанд хүрэгчдийн гэсэн хоёр янзын эмчилгээний багцыг олгож байгаа. “Ковид-19”-ийн халдвартай хүүхдийн эмчилгээгЭрүүл мэндийн сайдын 2021 оны А/549 дугаар тушаалаар зааж өгсөн. Гэрээр эмчлэгдэж байгаа хөнгөн хэлбэрийн оноштой хүүхдэд дархлаа дэмжих, шинж тэмдгийн эмчилгээ хийгдэнэ. Шингэнийг ердийнхөөс их уулгах, насанд нь тохирсон хоолоор хооллох, халуун бууруулах, өвдөлт намдаах зорилгоор парацетамол эсвэл ибупрофен эмийг эмчийн заавраар уух, С витаминыг 250-1000 мг-аар өдөрт нэг удаа, 400-1000-тай Д витаминыг олон улсын нэгжээр өдөрт нэг удаа ууна. Харин ӨЭМТ-өөс хүүхдийн биеийн байдалд өдөрт хоёр удаа хяналт тавин, тогтмол үнэлэх шаардлагатай.

Эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх заалттай хүүхдүүд бас бий. Тухайлбал, ханиалга нь нэмэгдэн бөгшүүлж, хөхүүлж ханиах, халуунгүй үед амьсгалын тоо олширч, хоёр сар хүрээгүй хүүхэд минутад 60 ба түүнээс олон, 2-11 сартай хүүхэд минутад 50 ба түүнээс олон, 1-5 настай хүүхэд минутад 40 ба түүнээс олон амьсгалж байвал, цээж хонхолзох, цустай цэр гарах, хүндрэх магадлалтай хүүхдүүдийг онцгой анхаарах ёстой. Түүнчлэн эрсдэлт бүлэг болох чихрийн шижин, багтраа, зүрхний дутагдал, уушгины архаг өвчин, хорт хавдар, дархлаа дарангуйлагдсан, тураал, сульдаа, цус багадалт, харшлын эмзэгшил зэрэг суурь эмгэгийн хүнд хэлбэртэй хүүхдүүд халдвар авбал зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатайг анхааруулъя.

Зарим эмийг хүүхэд хэрэглэж болохгүй гэсэн заалттай байдаг. Мөн насаар зааглан ялгах нь ч бий. Хүүхдийн биеийн жинг кг-аар тооцон эмийн тунг эмч тогтоож өгдөг онцлогтой тул ямар ч өвчний үед заавал эмчийн заалтаар эмчилгээ хийж байгаарай гэж зөвлөе. Мөн шаардлагагүй тохиолдолд антибиотик эмчилгээ хийх нь дархлаа сулрах шалтгаан болдог тул эмчийн зааваргүй бүү хэрэглээрэй.  

-Сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн томуугийн тархалт нэмэгддэг. Анхааруулах зүйл юу байна вэ?

-Манай улсад жил бүрийн хүйтэн сэрүүний улирал буюу аравдугаар сарын дунд үеэс гуравдугаар сарыг дуустал амьсгалын замын өвчлөл нэмэгдэж, томуу, томуу төст өвчний идэвхжил, дэгдэлтийн үе тохиодог. Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх вакциныг бид аравдугаар сар гэхэд улс орон даяар хийж, эрсдэлт бүлгийн хүмүүс болох бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настан, архаг суурь өвчтэй хүмүүсийг хамруулаад хэвшсэн. Энэ жилийн хувьд цар тахлын улмаас есдүгээр сард хамруулсан юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Ковид-19”-ийн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхий даяар томуу, томуу төст өвчний дэгдэлт бага байлаа. 2019 оноос хойш төрсөн хүүхдүүд томуугийн хүрээний ямар ч вируст байгалийн болон вакцины дархлаагүй байгаа гэсэн үг юм. Энэ жил 2-3 настай хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах боломжгүй, гэртээ байгаа. Тэдэнд ах, эгч, аав, ээж, насанд хүрэгчид халдвар дамжуулдаг гэдгийг санаж, дор бүрнээ өндөр хариуцлагатай байх шаардлагатай байна.  

Хүүхдийг амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх зөвлөгөө өгнө үү?

-Хүүхэд суурь эмгэггүй л байвал өвчлөлд бага өртдөг, хөнгөн өвчилдөг тул хамгийн гол зөвлөгөөг өгье. Хүүхдийг гэр, сургууль, цэцэрлэг дээр нь ч өөрийн гэсэн тусдаа аяга, таваг, усны сав, алчуур, саван хэрэглүүлж байх хэрэгтэй. Сүүлийн үед манай эцэг, эхчүүд энэ талын ойлголт, эрүүл мэндийн боловсрол сайжирч байгаа нь сайшаалтай. Аяга, тавгийг нь тусад нь хэрэглүүлж байгаа ч гэрийн бусад гишүүнийхтэй холиод нэг дор угаачихвал энэ огт үр дүнгүй гэдгийг анхаараарай. Аяга тавгийг тусад нь байлгаснаар ходоодны хавдар үүсгэх хеликобактери, томуу, ковид гээд бүх л халдвараас та хүүхдээ хамгаалж чадна.

Мөн хүүхдийг насанд нь тохирсон хоолоор хооллох, улиралд нь тохируулан хэт бэгнэхгүй, хэт дааруулахгүй, хөлөргөхгүй хувцаслах, боломжит насны хүүхдүүдийг амны хаалт тогтмол зүүлгэх, эрт унтуулж амраах, шингэн хангалттай уулгах, давс, содын уусмалаар хоолойг нь зайлуулж сургах, өдөр бүр хувцсыг нь солиулж, усанд оруулж байх, өвдвөл дор бүр нь эмчлүүлэн, эрүүлжүүлэх зэрэг энгийн юм шиг хэрнээ эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой дадал зуршлуудыг хэвшүүлээрэй.  Тухайлбал, нэг настай 10 кг жинтэй хүүхэд өдөртөө хоолноосоо гадна нэг литр хүртэл шингэнийг уух физиологийн хэрэгцээ байдаг. Гэтэл эцэг, эхчүүд хүүхдэдээ шингэн бага уулгадаг, уулгаж байгаа шингэнээ буруу сонгодог. Чихэрлэг ундаа, жүүс хүүхдийн цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлж дархлаа сулрах, жингийн илүүдэл үүсгэдэг бол элдэв цай нь ходоодонд төмрийн шимэгдэлтийг бууруулж, цус багадалт үүсгэдэг, хүүхдэд зохисгүй. Шингэн гэдэгт буцалсан ус, шингэн хярам зэргийг л ойлгож болно. Шингэн сайн уудаг хүүхдийн дархлааны систем сайн ажиллаж байдаг. Хүүхэд орой 22:00 цаг гэхэд гүн нойроор унтаж байх ёстой ба 22:00-02:00 цагийн хооронд дархлааны болоод өсөлтийн даавар ялгарч байдаг маш чухал үе юм.

Насанд нь тохирсон хоол гэдгийг сайтар анхаарч үзэх хэрэгтэй. Хүүхдэд томчуудын хоолноос өгөх, мах, гурил, бантан, кааш гэх мэт нэг төрлийн хүнсний бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх нь, эсвэл чихэрлэг бүтээгдэхүүн, түргэн хоол хэтрүүлэн идэх нь хүүхдийг эрдэс, амин дэмийн дутагдал, эсвэл жингийн илүүдэл, цус багадалтад өртүүлж байдаг. Гэтэл бага насны хүүхэд өдөрт 2-3 удаа чанартай хооллож байх шаардлагатай. Энэ тухай Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр буюу бидний хэлж заншсанаар ягаан дэвтэр дээр дэлгэрэнгүй заасан байгаа.

Иргэд амны хаалтыг буруу зүүж байна, зүүж байгаад авч халаасандаа хийчихээд эргэн зүүх, маскны гадна талд хүрэх, солихгүй удах нь их ажиглагддаг. Энэ нь таныг халдвараас огт хамгаалахгүй байгаа хэрэг. Хүүхдэд нүүрний хэмжээнд нь таарсан амны хаалт сонгох, хичээл, цэцэрлэгт нь солих маскыг цэвэр уут, саванд хийж явуулах, маскаа солихын өмнө болон дараа гар ариутгагч хэрэглэж байхыг анхааруулж байгаарай.

Хүний нийлэгждэггүй буюу хүнс, тэжээлээс нөхөгддөггүй амин дэм болох А, Д амин дэмийг заавал нэмэлтээр уулгах шаардлагатай. А амин дэмийг жилд хоёр удаа ӨЭМТ-үүдээр дамжуулан 6-59 сартай хүүхдүүдэд тогтмол олгож байгаа бөгөөд Д амин дэмийг өдөр тутам урьдчилан сэргийлэх тунгаар уухыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг. Заалтаараа 12-оос доош насны хүүхдүүдэд “Ковид-19” халдвараас сэргийлэх зорилгоор хийх вакциныг одоогоор ДЭМБ-аас зөвшөөрөөгүй, судалгааны шатандаа явж байгаа тул хүүхдийг халдвараас сэргийлэх арга бол амны хаалтаа тогтмол зөв зүүх, хүн хоорондын зайгаа баримтлах, гараа тогтмол угаах, хувийн ариун цэврээ сайтар сахих юм.    

онлайн займ на киви кошелёк срочно credit-n.ru займ без процентов на карту мгновенно

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …