Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, холбогдох удирдлагууд дүүргийн 23,28 дугаар хороонд хийгдэж буй авто зам, гэрэлтүүлэг, бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа. 28 дугаар хороонд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3 хэсэг, нийтдээ 6 хэсэг авто замын ажил хийгдэж байна.
Шинээр хийгдэж буй замуудын хувьд иргэдийн хамгийн их зорчдог хэсэг. Тиймээс гүйцэтгэгч компаниудын зүгээс 2021 ондоо багтаан ашиглалтад оруулж хүлээлгэж өгөхөө мэдэгдсэн.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ”Хүний нүд хуурсан, цас, бороо орохоор хуулраад алга болдог зам биш, чанартай замыг сэтгэлээсээ хийж өгөөрэй. Мөн бид л ганцхан ажил хийж байна гэж иргэдийн тав тухтай байдлыг алдагдуулалгүй аль болох иргэдтэйгээ байнга харилцаж, уялдаа холбоотой ажиллах шаардлагатай. Дүүрэг орон нутаг Засгийн газар, Нийслэлээс хэрэгжүүлж буй төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах бодлогыг дагаж мөрдөхийн тулд эхний ээлжид алслагдсан хороодоо хөгжүүлнэ” гэсэн юм.