Шүдний эмч Б.Бадамцэцэгийн санаачлагаар Монгол улсын алслагдсан аймаг сумдын иргэдийн амны хөндийн өвчлөлийг бууруулах зорилготой Шүдний эрүүл мэнд боловсролын үндэсний сан ТББ /National Dental Health and Education Foundation/ албан ёсоор байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
Энэхүү сан нь амны хөндийн үзлэг, оношилгоо, эмчилгээ болон эрүүл мэндийн боловсрол олгох сургалт гэсэн хоёр чиглэлийг дагнан үндсэн үйл ажиллагаагаа явуулах аж.
Сангийн эхний үйл ажиллагааг Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд зохион байгуулж, тус сумын 210 хүүхдийн шүдийг эмчилсэн байна.
Тодруулбал, Аравдугаар сарын 8,9-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд таван эмч, дөрвөн сувилагч тэргүүтэй, нийт 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллажээ. Ингэхдээ 3-16 насны 200 гаруй хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, шаардлагатай эмчилгээг хийсэн байна. Ингэснээр тус сумын хүүхдүүдийн амны хөндийн өвчлөлийг 30 хувиар бууруулсан бодит үр дүнг гаргаж ажилласан юм.