Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, нийтийн эрх ашгийг хангах зорилгоор тодорхой ажлуудыг үе шаттайгаар хийж байгаа. Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Вьетнам засварын газруудаар холбогдох алба, хэлтсийн удирдлагуудыг дагуулан очиж газар дээр нь ажилласан.
Вьетнам засварын газруудын хувьд дотор, гадна тохижилт, цэвэрлэгээний асуудал их байгаагаас гадна дүүрэг орон нутагтаа татвар төлөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг гэх мэт зөрчлүүд байдаг. Үүнийгээ яаралтай засч залруулж, иргэдийн үйлчилгээ авдаг орчныг ая тухтай болгож, татвар төлөхдөө бэлдэх шаардлагатай талаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлж сануулсан. Түүнчлэн ажлын хэсэг гаргаж дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Вьетнам засварын газруудад хяналт шалгалт хийж, бэлтгэл ажлыг хангуулахыг холбогдох удирдлагуудад үүрэг өгсөн юм.
Ийнхүү Засаг даргын өгсөн үүргийн дагуу Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар, Татварын хэлтэс болон Засаг даргын тамгын газрын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн хамтарсан ажлын хэсэг хяналт шалгалт хийлээ.
Шалгалтын дүнд Авто засварын үйлчилгээ эрхлэгч газрууд иргэдэд
- E-баримт олгодоггүй, POS машин, хэвлэх төхөөрөмж зэрэг зүйлс байхгүй
- Цар тахлын үед QR кодоор бүртгэлжүүлэх журам мөрддөггүй
- Үйл ажиллагаа явуулахдаа эрүүл ахуй, холбогдох дүрэм журмыг хангадаггүй зэрэг зөрчлүүд илэрсэн талаар ажлын хэсэг мэдэгдлээ.
Ажлын хэсгийн хувьд хуулийн хэрэгжилтийг хангах, болзошгүй аюулаас сэргийлэх, камержуулах, баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах зэрэг асуудлаар үргэлжлүүлэн ажиллаж байна. Цаашид зөрчлөө арилгасан болон гаргаагүй засварын газруудад дүүргийн зүгээс дэмжиж гэрээ байгуулж, батламж олгоно гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.