Налгар шар намар нутаг буцаж өвлийн улирал хаалга тогшин хаяанд иржээ. Улирал солигдох бүрт арьс арчилгаагаа ч мөн солих хэрэгтэй гэдгийг бүү мартаарай бүсгүйчүүдээ. Хүйтэн сэрүүний улиралд арьс хуурайших, загатнах гэх мэт шинж тэмдгүүд гарч эхэлдэг. Улирал солигдоход дагаад бидний арьс өөр өөр болдог, гэхдээ энэ нь арьс арчилгаагаа тэр чигээр нь өөрчлөх ёстой гэсэн үг огтхон ч биш шүү. Тэгвэл мэргэжилтнүүд өвлийн арьс арчилгааны тухай бяцхан зөвлөгөө өгч байна.
Халуун дулааны улирлаас хүйтэн сэрүүний улиралд шилжихэд хамгийн анхаарал хандуулах зүйл нь ЧИЙГШҮҮЛЭЛТ юм.
Мөн түүнчлэн халуун ууранд суух, чийгшүүлэгчтэй нүүр цэвэрлэгч хэрэглэх зэрэг нь хүйтэн улирлаас үүдэлтэй арьсны цочролоос сэргийлэлдэг байна.
Арьс илүү хуурайшиж, чийглэг дутагдсанаас болж ихээр загатнах байдал илэрнэ. Сэрүүн хүйтэн өвлийн улиралд арьсаа чийгшүүлэх тал дээр зайлшгүй илүү их анхаарал хандуулах шаардлага гарч ирнэ. Тиймээс арьс арчилгаандаа чийгшүүлэх цэвэрлэгчүүд, уурын аппарат зэргийг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ мэдээж, хувь хүний өөрийн арьснаас шалтгаална. Гэхдээ та ямар ч арьстай байсан өвлийн улиралд доорх 6 зөвлөгөөг арьс арчилгаандаа хэвшүүлснээр сэрүүн хуурай улирлыг өнтэй давна.
1. Чийгшүүлэгч сайтай нүүр цэвэрлэгч хэрэглэж эхлээрэй
Ихэнх нүүр цэвэрлэгчүүд арьсыг хуурайшуулдаг. Тийм ч учраас арьсаа цэвэрлэсэний дараа чийгшүүлэгч тос хэрэглэх нь маш чухал юм. Хүйтэн хуурай цаг агаарт арьсаа бүхий л аргаар чийгшүүлээд байх нь л чухал шүү. Чийгшүүлэгч өндөртэй цэвэрлэгч сольж хэрэглэсээр арьсны эрүүл мэнддээ том хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг.
2. Илүү өтгөн бүтэцтэй чийгшүүлэх тос хэрэглээрэй.
Өдөр тутам хэрэглэдэг чийгшүүлэх тосоо түрхсэний ч дараа ч арьс хуурайших тал ажиглагдаад байвал чийгшүүлэгч тос тань хангалттай өтгөн биш байна гэсэн үг юм. Ийм төрлийн (өтгөн бүтэцтэй ) чийгшүүлэх тоснууд арьсан дээр хамгаалалтын давхарга үүсгэж, арьсыг хүйтэн хуурай агаараас урт хугацааны турш хамгаалдаг.
3. Чийгшүүлэгч сайтай хумс гарын тос хэрэглээрэй.
Хүйтний улиралд анхаарал тавих биеийн хэсэг тань зөвхөн нүүрний арьс биш шүү бүсгүйчүүдээ. Таны гарын арьс хуурайших гэсэн асуудалд илүү өртөмтгий байдаг ба бусад биеийн хэсгээс илүү даарч хөрөх нь элбэг. Тиймээс чийгшүүлэгч өндөртэй, өтгөн сайн гарын тос цүнхнээсээ бүү салгаарай.
4. Гүн чийгшүүлэгчтэй биеийн тос сонгоорой.
За тэгэхээр одоогийн байдлаар нүүр ба гарын арьсыг чийгшүүлэх талаар дурьдчихлаа. Харин биеийн бусад хэсгээ ч орхигдуулж үл болно. Өвлийн улиралд зузаан хувцас өмсөж тайлдаг зэргээс шалтгаалан биеийн арьс аймшигтайгаар хуурайшиж загатнах нь элбэг. Маш сайн чийгшүүлэх хэрэгтэй.Хэрэгтэй хэрэггүй олон бүтээгдэхүүн бүү ав. Хуурайшсан арьсыг аврах өтгөн бүтэцтэй шингэц сайтай биеийн тос сонгоорой. Мөн түүнээс гадна чийгшүүлэх чадвар өндөртэй зориулалтын биеийн шингэн саван хэрэглээрэй. Биеийн арьсаа нойтон байхад нь биеийн тосоо түрхвэл үйлчилгээ нь илүү нэмэгддэг гэдгийг биднээр хэлүүлтгүй бизээ. Эцэст нь хэлэхэдз хэт халуун банн, шүршүүрт орж болохгүй шүү. Хэт халуун ус их хурдан ууршдаг учир арьсанд чийгээ сайн үлдээдэггүй.
5. Нарны тосоо бүү орхигдуул
За энэ хэсэг бол өвлийн арьс арчилгааны ХАМГИЙН бүр ХАМГИЙН чухал хэсэг. Өвлийн улиралд та наран шарлагын газар тааламжтай нь аргагүй хэвтээд наранд арьсаа шарахгүй нь мэдээж л дээ. Гэвч хүйтэн үед ч арьсанд нөлөөлөх нарны хорт туяаны нөлөө маш өндөр байдаг байна. Тийм ч учраас нарны тосыг зөвхөн зун л түрхдэг гэх буруу төөрөгдсөн бодлоо авч хаяарай.
6. Салфеткан маск өдөр бүр хэрэглэх
Салфеткан маск бол нүүрний арьсыг чийгшүүлэх хамгийн үр дүнтэй хурдан арга юм. К-бьюти арьс арчилгааны нэг амин хэсэг бол яахын аргагүй салфетканмаск юм. Та өөрийн арьсанд тохирох маскуудыг өдөр бүр зөв аргаар хэрэглэж хэвшвэл арьс тань өвлийн улирлыг өнтэй давна. Бас нэгэн зайлшгүй сануулах зүйл бол 20 минутаас илүү хугацаагаар тавьж болохгүй. Мөн өдөрт нэг л удаа хэрэглэхэд хангалттай сайн. Гиалуроны хүчилтэй салфеткан маск өвлийн салшгүй нэг хэсэг байхад та хуурайшилтыг мартана шүү.