Худалдан авсан бүтээгдэхүүнээ буруу хадгалбал орц найрлага нь задарч муудах аюултай бөгөөд таны арьсанд ямар ч үр дүн үзүүлэхгүй гэсэн үг. Та харин мэргэжилтний өгсөн зөвлөгөөг уншиж бүтээгдэхүүнээ удаан хадгалж, үр дүнтэй хэрэглээрэй.
Гоо сайхны бүтээгдэхүүний хадгалалт үзүүлэх үр дүнд хэрхэн нөлөөлөх вэ?
Гоо сайхны бүтээгдэхүүнээ хаана хэрхэн агуулж хадгалж байгаа вэ гэдэг нь жижигхэн зүйл мэт санагдавч арьсанд өгөх үр дүн, бүтээгдэхүүний хадгалах хугацаа зэрэгт маш том нөлөөтэй хүчин зүйл юм. Хүрээлэн байгаа орчны хүчин зүйлүүд болох хэт халуун уур амьсгал, гэрлийн нөлөөлөл, агаарт цохигдох зэрэг нь бүтээгдэхүүний найрлагад байгаа зайлшгүй гол орцуудын хүчийг сулруулж, хадгалах хугацааг нь багасгадаг байна.
Тухайлбал витамин Ц, маш хүчтэй антиоксидант, арьсанд олон талын эерэг нөлөөтэй, нарны хэт ягаан хорт туяанаас хамгаалах, арьсыг цайруулах, арьсны өнгийг жигдлэх гэх мэт олон төрлийн идэвхт найрлагуудтай орц юм. Ийм онцгой шинжүүдтэйн улмаас уг бүтээгдэхүүний антиоксидантын ашиг тусыг боломжит дээд хувилбараар нь хүртэхийн тулд витамин Ц -г зөв савлаж хадгалах хэрэгтэй юм байна.
Доорх 3 зөвлөгөөг та дагахад та ихэнх гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ зөв горимоор хадгалж чадна.
1. Нарны гэрлийн шууд тусгалаас хол байлгаарай.
Витамин Ц гэх мэтийн их хурдан өөрчлөмтгий орц найрлагууд нь ихэнх тохиолдолд гэрэл нэвтэрдэггүй савлагаатай үйлдвэрлэгдсэн байдаг. Гэхдээ ерөнхийд нь хэлэхэд нарны гэрэл тусахгүй харанхуй газар хадгалаарай гэж зөвлөмөөр байнаа. Шууд нарны тусгал нь идэвхт бодисуудын үйл ажиллагааг сулруулж байдаг учир цонхноос хол байлгах хэрэгтэй. Хэрэв та арьс арчилгаа гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ ариун цэврийн өрөөндөө хадгалдаг бол аль болох гэрэл тусахааргүй далд тавиурууд, шургуулга шүүгээндээ хадгалаарай. Тийм ч учраас хурдан ууршдаг, исэлддэг бүтээгдэхүүнүүдийн савлагаа гэрэл нэвтэрдэггүй хийгддэг шүү.
2. Сэрүүн нөхцөлд хадгал
Зарим гоо сайхан арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг хөргөгчид хадгалах хэрэгтэй байдаг. Ялангуяа витамин Ц агуулсан зовхины тос ба ретинойдын найрлагатай хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүнийг заавал хөргөгчид хадгалах заавартай байдаг. Гэхдээ хөлдөөж болохгүй гэдгийг санаарай. Сэрүүн нөхцөлд буюу хөргөгчид хадгалах нь бүтээгдэхүүний хадгалах хугацааг ихэсгэх сайн талтай. Хэрвээ та өвлийн улирал болдог хүйтэн сэрүүн газар амьдардаг бол цонхны тавцан дээр хадгалж болохгүй, ер нь агаарын температур 0’C-аас доош ордог газар хадгалах хориотой байдаг.
3. Уур цанатай газар хадгалж болохгүй
Халуун шүршүүрийн уур нь бүтээгдэхүүний найрлага болох идэвхт бодисуудыг задалж гэмтээх аюултай. Ер нь боломжтой тохиолдолд аль бүтээгдэхүүнүүдээ аль болон ариун цэврийн өрөөнөөс өөр газар, хуурай сэрүүн газар хадгалах нь бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгаж, хамгийн дээд зэргийн тохиромжтой үйлчилгээг үзүүлэх болно. Харамсалтай нь ихэнх хүмүүс хайртай үнэтэй бүтээгдэхүүнүүдээ ариун цэврийн өрөөндөө ил тавиур дээр, шүршүүрийнхээ дэргэд тавиур дээр хадгалдаг ба хамгийн болохгүй газар гэдгийг мэддэггүй. Шүршүүрээс гарч байгаа уур нь найрлагуудыг гэмтээж, арьсанд муугаар нөлөөлөхөөс гадна хөгц мөөгөнцөр үүсгэх таатай орчныг бий болгож өгдөг. Гэхдээ зайлшгүй ариун цэврийн өрөөндөө хадгалах болсон тохиолдолд далд шүүгээ,толины доод талын шүүгээ зэрэг халуун шүршүүрийн уур хүрэхгүй газар хадгалаарай.
Дүгнэлт
Та өөртөө тохирох сайн бүтээгдэхүүнүүдээ олсон бол зөв зохистой газар хадгалж ашиглах хугацаа болон үр дүнг нь хэвээр нь авч үлдэхийг хичээгээрэй. Буруу хадгалалтаас болж бүтээгдэхүүнээ хогийн сав руу шидэх тохиолдол нэлээд гардаг шүү. Хуурай сэрүүн газар хадгалж, нарны шууд гэрэл, уур цангаас хол газар хадгалах нь хамгийн зөв горим билээ.