Эрүүл мэндийн сайдын аравдугаар сарын 26-ны А/642 дугаар тушаалын дагуу дархлаажуулалтын бүрэн тун болон нэгдүгээр тунд хамрагдаад халдвар авч эдгэрсэн 18-аас дээш насны иргэд 21 хоногийн дараа III тунд хамрагдах боломжтой болсон. Уг тушаал гарсныг иргэд, олон нийт төдийлөн мэдээгүй, сайн ойлгоогүй байгааг вакцинжуулалтад ажиллаж буй эмч, сувилагч нар хэлж байлаа.
Чингэлтэй дүүрэг дэх дархлаажуулалтын цэгт өнөөдөр 12:00 цагийн байдлаар 47 иргэн вакцин хийлгэхээр иржээ. Тус цэг ажлын өдрүүдэд 09:00-17:00 цаг хүртэл ажилладаг бөгөөд бямба гарагт 10:00-15:00 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна.
Ингэхдээ дүүрэг, харьяалал харгалзахгүйгээр вакцин хийж буй юм. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн вакцины сувилагч Д.Мандахгэрэл “Манай дүүрэг дэх вакцинжуулалтын суурин цэгээр үйлчлүүлж буй иргэдийн 95 гаруй хувь нь III тунд хамрагдаж байна. Өнөөдөр 12:00 цагийн байдлаар 47 иргэн дархлаажуулалтын вакцин хийлгэлээ. Эдгээр иргэнээс нэг иргэн хоёрдугаар тунд хамрагдсан бол үлдсэн 46 нь Вероселл болон Пфайзер вакцинаас сонгон III тунгаа хийлгээд байна. Мөн манай цэгээр БНХАУ, Тайвань, Вьетнам Улсын иргэд үйлчлүүлэн, дархлаажуулалтад хамрагдаж байгаа. Ихэвчлэн нэг, хоёрдугаар тунгаа Монгол Улсад хийлгэсэн иргэд III тунгаа хийлгэхээр ханддаг. Эхний хоёр тунгаа өөр улсад хийлгэсэн бусад орны иргэдэд гадаад паспортынх нь дагуу шаардлагатай мэдээллийг бүртгэн, үйлчилж байна” гэв.
Дархлаажуулалтын вакцин хийлгэж болохгүй иргэд бий. Тухайлбал, тухайн харьяа дүүрэг, хорооныхоо өрхийн эмчийн тогтмол хяналтад байдаг, эмчийн үзлэгээр вакцин хийлгэж болохгүй гэсэн заалттай иргэдэд вакцин хийхгүй аж. Мөн дархлаажуулалтын вакцин хийхээс өмнө иргэдийн амин үзүүлэлт, цусны даралт, биеийн халууныг хэмжих бөгөөд биеийн байдал хэвийн тохиолдолд вакцин хийхийг зөвшөөрнө. Даралт ихтэй өндөр настнууд вакцин хийлгэхээс өмнө даралтын эмээ уун, цусны даралтаа тогтворжуулахыг эмч, сувилагч нар зөвлөж байлаа.
Коронавируст халдвараас сэргийлэх дархлаажуулалтын явцын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяагаас тодрууллаа.
–Нийслэлийн хэмжээнд III тунгийн хамрагдалт хэдэн хувьтай байна вэ?
-Аравдугаар сарын 31-ний байдлаар III тунгийн хамрагдалт 20.9 хувьтай байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар халдвар авсан, өвдөөд эдгэрсэн 18-аас дээш насны иргэн нэмэлт III тундаа хамрагдах боломжтой болсон. Ингэхдээ өвдөөд бүрэн эдгэрснээс хойш 21 болон түүнээс дээш хоногийн дараа сэргээх тунгаа хийлгэх юм. Мөн эхний тундаа хамрагдсанаас хойш коронавирусийн халдвар авсан эсвэл ямар нэг шалтгаанаар гурван сарын турш вакцинд хамрагдаагүй иргэн дараагийн тунгаа хийлгэн дархлаагаа сэргээх хэрэгтэй.
-Нийслэлийн Эрүүл мэндийн газраас III тунгийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Дархлаажуулалтын явуулын 39 багийг гарган байгууллага, аж ахуй нэгжүүдэд нэгдсэн журмаар дархлаажуулалт хийж байгаа. Олон албан хаагчтай байгууллага, аж ахуй нэгжүүд харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн байгууллагуудад хандсан тохиолдолд ажилчдынх нь тооноос хамаарч явуулын баг илгээнэ. Мэдээж вакцинжуулалт хийх байр, талбайгаа урьдчилан бэлтгэж байгаа.
-Оюутан, залуус дархлаа сэргээх нэмэлт тундаа хэр идэвхтэй хамрагдаж байна вэ?
-Оюутан, залуусыг нэмэлт III тунд идэвхтэй хамруулах чиглэлээр ажилласан. Тухайлбал, явуулын багууд маань их, дээд сургуулийн оюутны дотуур байр, сургуулиудад очин оюутнуудыг вакцинжуулалтад хамруулсан. УОК, НОК-ын нэгдсэн шуурхай штаб болон Эрүүл мэндийн яамнаас байгууллага, аж ахуй нэгжүүдэд албан тоот хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногт Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ажилтнууд нэмэлт тундаа хамрагдаж, эдийн засгаа эрчимжүүлэх уриалгад нэгдэн, нэгдсэн журмаар III тундаа хамрагдлаа.
-Суурин цэгт очин дархлаажуулалтад хамрагдах боломжгүй өндөр настай, хүнд өвчтэй иргэдэд хэрхэн хүрч ажиллаж байна вэ?
-Суурин цэгт очих боломжгүй иргэд хүсэлт гаргасны дагуу явуулын баг гэрт нь очиж вакцин хийж байгаа.
-Заавал харьяа дүүргийнхээ дархлаажуулалтын цэгт хандаж вакцинжуулалтдаа хамрагдах ёстой юу?
-Тухайн иргэн аль өөрт ойр байгаа дархлаажуулалтын цэгт очин, вакцин хийлгэх боломжтой. Та гэр, ажлын байрныхаа ойр хавьд байрлах аль ч суурин болон явуулын цэгт хандан вакцинаа хийлгэж болно.
-Өчигдрөөс соёл, урлагийн үйл ажиллагааг эхлүүлэхээр боллоо. Үүнтэй холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд юун дээр илүү анхаарах ёстой вэ?
-Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг үе шаттайгаар нээж байгаатай холбогдуулан иргэд хүн хоорондын зайгаа барих, амны хаалтаа тогтмол зүүн, хоёр цаг тутамд сольж хэвших, гараа тогтмол угаах хэрэгтэй. Мөн дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдах шаардлагатай. Вакцинжуулалт бол таныг болон таны хайртай гэр бүл, найз нөхөд, хамт олныг халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдвар авсан тохиолдолд хүндрэлээс сэргийлнэ гэв.