“Ойн салбарын үндэсний чуулган”-ы салбар хуралдаан эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Ойн салбарын үндэсний чуулган” зохион байгуулна.

Эхний салбар хуралдаан “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдвийн дор болж, салбарын эрдэмтэн судлаач, төр, хувийн хэвшлийн төлөөлөл, ойн анги, нөхөрлөл, холбогдох салбарын мэргэжилтнүүд оролцож байна.

Хуралдаанаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай зохион байгуулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах, ойн салбарын оролцоо, хоорондын  уялдааг хангах, санхүүгийн механизмыг хэрхэн бүрдүүлэх зэргийг цогцоор нь хэлэлцэх юм.

Тухайлбал “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, арга зам”, “Байгаль орчин, ойн салбарын  олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд ойжуулалт, мод үржүүлгийн байгууллагуудын оролцоо”, “Үр тарьц, суулгацын нөөц бүрдүүлэхэд тулгамдаж байгаа асуудал, шийдэл”, “Ойн салбарын хөгжилд төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоо”, “Ойн тогтвортой менежмент-Ойн салбарын хөгжлийн түлхүүр” сэдвээр хэлэлцэнэ.

Салбарын яам ойг нөхөн сэргээх, ойжуулалтын үр дүн, чанарыг сайжруулж, мод тарьж ургуулахад мөнгөн урамшуулал олгох эрх зүйн орчин бүрдүүлэх, ойн шавжтай тэмцэх, түймрээс сэргийлэх, ойн хомсдол, доройтлыг бууруулах, арчилгаа, цэвэрлэгээг эрчимжүүлэх, элсний нүүдлээс хамгаалах зэргийг нэн тэргүүнд хэрэгжүүлнэ гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан хэлэв.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 600 мянган га талбайг ойжуулах, нөхөн сэргээх, хамгаалалтын зурвас байгуулах, агро аж ахуйг хөгжүүлэх зэрэг цогц арга хэмжээ авахаар төлөвлөсөн тухай яамны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Сансарбаяр танилцууллаа.

Цаашид:

  • 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт”
  • 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Цөлжилт, газрын доройтол”
  • 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Агро-ойн аж ахуйг хөгжүүлэх” нь сэдвийн хүрээнд “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв”-д салбар хуралдаан болно.

Хуралдаануудаас гарсан санал, зөвлөмжийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн ордонд болох “Ойн салбарын үндэсний чуулган”-д хэлэлцүүлж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгахаар төлөвлөжээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …