70 дахь удаагийн “Дэлхийн мисс-2021” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчаар уран нугараач А.Бөртэ-Үжин шалгарсан билээ. Тэрээр өнөөдөр /2021.11.19/ АНУ-ын Пуэрто Риког зорьж байна.
Мисс, уран нугараач А.Бөртэ-Үжин“Монгол Улсынхаа нэрээр дуудуулж, гайхамшигт түүх соёлоороо гайхуулахаар өнөөдөр Пуэрто Риког зорилоо. Дэлхий дахины ухаалаг, энэрэнгүй, чадварлаг гоо бүсгүйчүүдтэй уулзаж, олон зүйлсийг хамтдаа суралцах тэрхүү мөчийг тэсэн ядан хүлээж байна. Дэлхий дахинд улсынхаа нэрийг өндөрт өргөж, Монгол улсынхаа түүх соёлыг таниулахын тулд би өөрийн чадлаар хичээх болно. Та бүхэн минь энэ хугацаанд хамт байж, намайг дэмжээрэй” гэж цахим хуудаснаа бичжээ.
А.Бөртэ-Үжин нь Соёл Урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг Бүжгийн багш, найруулагч мэргэжлээр 2021 онд төгссөн. Англи, Япон, Герман, Хятад хэлний мэдлэгтэй.
Уран нугараач А.Бөртэ-Үжин нь 2017 онд Өмнөд Солонгос улсад зохиогдсон “Miss Supertalent of the World” тэмцээнд оролцон нэгдүгээр байр, 2018 онд Мьянмар улсад зохион байгуулагдсан “Miss Grand International ” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож байсан түүхтэй юм.
Харин уран нугаралтаар Герман, Япон, Арабын Нэгдсэн Эмират улс Дубай, Франц, Сингапур, Солонгос, Хятад, Хонгконг, Турк, Швед зэрэг орнуудаар аялан тоглолт хийж, эх орноо сурталчилж байжээ.