Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 6 дугаар сард олон улс дахь санхүүгийн зах зээлийн таатай нөхцөл байдлыг ашиглан “Century” төслийн хүрээнд хугацаа тулаад байсан Чингис болон Гэрэгэ бондын 1.0 тэрбум ам.долларын өр төлбөрийг түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэйгээр дахин санхүүжилт хийж өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
Олон Улсын нэр хүнд бүхий Finance Asia-аас жил бүрийн санхүүгийн салбарыг шилдгүүдийг шалгаруулдаг “Finance Asia Awards”-д Монгол Улсын Засгийн газрын 2021 онд авч хэрэгжүүлсэн дээрх өрийн зохицуулалтын арга хэмжээг дараах 2 төрөлд шилдгээр тодрууллаа.
- 2021 оны “Best of The Frontier Market of Asia – Оны шилдэг Азийн хөгжиж буй зах зээлийн хөрөнгө босголт”,
- 2021 оны “Best Sovereign – Issuer Award – Оны шилдэг хөрөнгө босгосон улс”
Энэхүү шагнал нь Монгол Улсын Засгийн газар хугацаа нь тулсан, өндөр дүнтэй гадаад өр төлбөрийг хойшлуулах өрийн зохицуулалтын арга хэмжээг үр дүнтэй авч хэрэгжүүлсэн болохыг олон улсын санхүүгийн мэргэжилтнүүд өндрөөр үнэлж буйн илрэл юм.
“Century” төслийн хүрээнд Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувийн агшилттай, зээлжих зэрэглэл B түвшинтэй, Covid-19 цар тахлын хэцүү цаг үед түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэйгээр буюу 6 жилийн хугацаатай 3.5 хувийн хүүтэй 500 сая ам.доллар, 10 жилийн хугацаатай 4.45 хувийн хүүтэй, 500 сая ам.доллар, нийт 1.0 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттайгаар хэрэгжүүлж, ирэх 2 жилийн өр төлбөрийг шийдсэн.
Дээрх өрийн зохицуулалтын арга хэмжээ нь Монгол Улсын төсөв, төлбөрийн тэнцэлд ирэх жилүүдэд үүсэх байсан өрийн дарамтыг бууруулж, гадаад валютын ханшийг тогтвортой барихад эерэг нөлөө үзүүлж, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах, хэвээр хадгалахад чухал нөлөө үзүүлсэн юм.