Дөрвөн жилд нэг удаа болдог МАН-ын Их хурал эхэллээ. 30 дахь удаагийн Их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс хүрэлцэн ирсэн 1245 төлөөлөгч оролцож байна. Их хурлыг МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэн хурлын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.
МАН өнөөдрийн байдлаар 278 мянга 716 гишүүнтэй болсон бөгөөд Их хурлын нэг төлөөлөгч 224 гишүүнийг төлөөлж байна. 30 дахь удаагийн Их хурлын хамгийн ахмад төлөөлөгч нь 92 настай бол хамгийн залуу нь 22 настай. Их хуралд урилгаар 200 хүн оролцож байгаа бөгөөд нийт төлөөлөгчдийн 295 нь буюу 25 хувь нь эмэгтэйчүүд байна.
МАН-ын 30 дахь Их хурлыг албан ёсоор эхлүүлсний дараа МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого” сэдэвт илтгэлээ Их хурлын төлөөлөгчдөд танилцуулж байна.
МАН-ын түүхт 100 жилийн ой тохиож буй 30 дахь удаагийн Их хурал дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хүн төрөлхтөнд учраагүй цар тахлын нэн хүнд цаг үед зохион байгуулагдаж байгааг намын дарга онцлоод “МАН өнгөрсөн зууныг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн мандуулж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зориулсан бол шинэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх түүхэн үүрэг та бидэнд ногдлоо” хэмээн тодотголоо.
Үргэлжлүүлэн тэрбээр цар тахлын хүнд үед ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж, удаа дараагийн сонгуульд дараалсан ялалт байгуулсан учраас “Ялалт бол хариуцлага” хэмээн хүлээн авч байгаагаа онцлоод эдийн засагт шинэ сэргэлт гаргахад эрх баригч нам гол бодлогоо чиглүүлэн ажиллахаа илэрхийллээ.