Сүхбаатарын талбайн сүлд модны гэрлийг асаах ёслол өнөөдөр 18:00 цагт боллоо.
Ёслолд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, нийслэлийн шилдэг гэр бүлийн төлөөлөл оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Шинэ жилийн баярыг сүлд модгүйгээр төсөөлөхийн аргагүй. Улаанбаатар хотын төв талбайн сүлд модны гэрлийг жил бүр асааж, хүндэтгэл үзүүлдэг. Дэлхий нийтэд цар тахлын нөхцөл байдал үүссэн хэдий ч бид хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын олон талт ажлуудаа дүгнэж, шинэ оноо угтахад бэлэн болоод байна” хэмээв.
Нийслэлийн шилдэг бүтээлч гэр бүлээр шалгарсан У.Мижиддорж “Улаанбаатар хотынхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байдаг. Дэлхийн том хотуудын адил Улаанбаатар хот шинэ жилийнхээ сүлд модыг засаж, өнөөдөр гэрлээ ёслол төгөлдөр асаалаа. Энэ үйл явдалд хүүхдүүдтэйгээ, гэр бүлээрээ оролцсон нь их дурсамжтай, сайхан санагдаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.