Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 болон 11 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний ээлж солих ажлыг амжилттай зохион байгуулж дуусаад байна.
Цэргийн багийн нэгдүгээр цуврааны бие бүрэлдэхүүн 2021 оны 10 дугаар сарын 20, хоёр дахь цуврааны бүрэлдэхүүн 11 дүгээр сарын 8, гурав дахь цуврааны бүрэлдэхүүн 11 дүгээр сарын 27-ны өдөр эх орондоо ирээд байсан юм.
Харин 4 дэх цуврааны бүрэлдэхүүн өчигдөр /2021.12.19/ эх орондоо ирлээ.
Өнгөрсөн нэг жил хоёр сар гаруйн хугацаанд даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт хүчин зүтгэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон монгол эх орон, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирсэн тэднийг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг болон АУГ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн албан тушаалтнууд угтаж баяр хүргэсэн юм.
Энэхүү энхийг дэмжих ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирсэн цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчдыг Монгол Улсын онцгой комиссын шийдвэрээр “Багабаян-Энхийн төлөө” цогцолборт нийт 10 хоногийн хугацаатайгаар тусгаарлана.