“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны хүрээнд нийслэлийн агаарын чанарын өнгөрсөн долоо хоногийн мэдээллийг танилцууллаа.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Байгаль орчны яам болон нийслэлийн харьяа алба, агентлагуудаас хамтран долоо хоног бүрийн даваа гарагт хэвлэлийн хурлыг зохион байгуулж буй юм.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Д.Өнөрбат:Цаг уур, орчны шинжилгээний газраас арванхоёрдугаар сарын 13-19-ний өдрүүдийн Улаанбаатар хотын агаарын чанарыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан гаргасныг танилцуулъя. Хүхэрлэг хий, азотын давхар исэл, РМ10 тоосонцор, РМ 2.5 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон гэсэн түгээмэл зургаан бохирдуулагчийн хэмжээгээр тогтоолоо.
Хүхэрлэг хий 2020 онд 220 микрограмм /мкг/ байсан бол энэ онд 140 микрограмм буюу багассан үзүүлэлттэй байна. Азотын давхар исэл долоо хоногийн үзүүлэлт 2020 онд 61 мкг байсан бол энэ онд 64 мкг буюу ойролцоо түвшинд, РМ 10 тоосонцрын долоо хоногийн дундаж агууламж 2020 онд 158 мкг, 2021 онд 156 мкг, РМ 2.5 тоосонцор 2020 онд 120 мкг, 2021 онд 112 мкг болж буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Нүүрстөрөгчийн дутуу исэл долоо хоногийн дундаж агууламжаар 2020 онд 3806 мкг, 2021 онд 2968 мкг, озоны хувьд 2020 онд 8 мкг, 2021 онд 14 мкг байлаа. Өнгөрсөн долоо хоногт агаарын чанарын индексийн мэдээллээр Улаанбаатар хотын нэгдүгээр хороолол, Толгойт, Хайлааст, Таван буудал орчимд агаар бохирдолтой, бусад газард агаар бага бохирдолтой түвшинд байсан.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх хэлтсийн дарга Б.Пүрэвсүрэн:Өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн томоохон ажил зохион байгууллаа. Үүний нэг нь 102 тусгай дугаарт түүхий нүүрсний хэрэглээний талаарх гомдол, мэдээллийг хүлээн авдаг болж байна. Зөвхөн түүхий нүүрс төдийгүй дугуй, хаймар, тос масло зэрэг зориулалтын бус агаар бохирдуулагч зүйлсийг шатаасан тохиолдолд ч 102 дугаарын утсанд мэдээлэхийг иргэдээсээ уриалж байна гэлээ.
Түүнчлэн иргэдийг стандартын зуух хэрэглэж заншихыг уриалав. Түүхий нүүрс, стандартын бус зуух хэрэглэснээр зөвхөн та, танай гэр бүлийнхэн хохироод зогсохгүй хөрш айлынхан ч мөн хордож байдаг тул хөрш айлууд, зэргэлдээ суурьшиж буй хүмүүсийн мэдээлэл чухал байгааг тодотгосон юм. Өнгөрсөн хугацаанд сайжруулсан шахмал түлшний хоногийн борлуулалт 3000-3200 тоннд хүрчээ.
Мэргэжлийн хяналтын байгууллагынхан цагдаагийн ажилтнуудтай хамтран тээврийн товчоод дээр 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт 82 шуудай шахмал түлшийг хөдөө, орон нутаг руу тээвэрлэхийг завдсан байна. Тээвэрлэгч иргэнд торгууль ногдуулж, шахмал түлшийг Амгалан станцад буулгажээ. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 15 тонн түүхий нүүрс оруулж ирснийг илрүүлж хураасан байна.
Хэвлэлийн хурлын үеэр “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал:Өнгөрсөн долоо хоногт дөрвөн айлын зургаан иргэн шахмал түлшинд угаартсан. Угаартсан шалтгааныг тодруулахад ердийн монгол зууханд галлаж, зуухны битүүмж алдагдсанаас болсон байсан. 2020 оны мөн үед 387 иргэн угаарын хийн хордлогод өртөж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол энэ онд 73 хүн болж, 83 хувиар буурсан үзүүлэлттэй байна.Өнөөдрийн байдлаар эрсдэл бүхий 63 мянган өрхөд угаарын хий мэдрэгч байршуулан 24 цагаар хянаж байна. Эрүүл мэндийн байгууллагын тусламж авах хэмжээнд хүрэхээс өмнө хяналт хийснээр өмнөх долоо хоногт 150 гаруй айлын гэрт угаар ялгарч байгааг мэдэгдэж, урьдчилан сэргийлсэн. Тэгвэл арванхоёрдугаар сарын 13-19-ний өдрүүдэд 44 айлын гэрт угаар илэрч байгааг урьдчилан мэдэж, 160 гаруй иргэнийг угаартахаас сэргийлж чадлаа. Энэ нь долоо хоногийн хугацаанд гэрт нь угаар ялгарсан айлын тоо 60 гаруй хувиар буурсан гэсэн үг. Тиймээс хүмүүст хандаж угаар мэдрэгчээ цахилгаанаас нь бүү салгаарай гэж сануулъя гэлээ.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ “Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээнээс агаар дахь PМ-2.5 тоосонцрын хэмжээ их байгаа нь зүрх судасны өвчлөл нэмэгдүүлдэг аюултай. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зайлшгүй авах хэрэгтэй. Иргэд маань агаарын чанарын индексийг ашиглаж сурахын дээр агаар бохирдуулахгүй байх оролцоогоо нэмэгдүүлж, бие биедээ шаардлага тавьдаг байх нь чухал байна” гэлээ.
Түүнчлэн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах ажлыг улсын хэмжээнд өрнүүлж буйг хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. Мөн ирэх оны эхнээс долоо хоног бүрийн мэдээлэлдээ зөвхөн Улаанбаатар хотын агаарын чанарыг бус улсын хэмжээнд агаарын чанар ямар түвшинд байгааг мэдээлдэг болох юм.