Хангарьд ордонд ажиллаж байсан алба хаагчдын 50 хувь нь Яармагийн шинэ байранд нүүж очжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа байгууллагуудад 2021 ондоо багтан Яармаг руу нүүх үүрэг өгч, Засгийн газрын 282-р тогтоолыг баталсан. Тогтоолын хэрэгжилттэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн засаг захиргааны Хангарьд ордонд ажиллаж байсан алба хаагчдын 50 хувь нь Яармагийн шинэ байранд нүүж очжээ.

“Ковид-19” цар тахлын халдвараас шалтгаалан өнгөрсөн оны зургадугаар сарын 23-ны өдрөөс Яармаг дахь хотын захиргааны барилгад 300 хүнд үйлчлэх Яаралтай тусламжийн түр төв байгуулсан. Коронавирусийн халдвар хумигдсантай холбогдуулан тус төвийг буулган, ариутгал халдваргүйжүүлэлт хийж, 2021 оны арванхоёрдугаар сарын 25-наас нүүлгэн шилжүүлэх ажил эхлээд байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тогтоолыг товлосон хугацаанд биелүүлсэн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон нийслэлийн төр захиргааны алба хаагчдад талархаж буйгаа илэрхийллээ. Тэрбээр “Төсөвт анх удаа 420 тэрбум төгрөгөөр Нийслэлийн түгжрэл, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр тусгаж Улсын Их Хурал, Засгийн газар нэгдмэл бодлогоор улстөрийн шийдвэр гаргасан. УИХ-аар батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д хотын түгжрэлийг шийдэх хөгжлийн төслүүд тусгагдсан. Тухайлбал, Хөшигийн хөндийг түшиглэсэн дагуул хот байгуулж, эдийн засгийн хөгжлийн бүсүүдийг бий болгоно. Богдхан төмөр замын ажил эхэлнэ. Энэ мэт Улаанбатар хотын түгжрэлийг шийдэх ажлуудыг он гараад эрчимжүүлэх хэрэгтэй байна. Цаашид Улаанбаатарт тэмүүлэх тусам үнэтэй, хөдөөд тэмүүлэх тусам дэмжлэгтэй байх бодлого барьж төвлөрлийг сааруулна. Хотын төв хэсгийн түгжрэлийг сааруулах ажилд Нийслэлийн удирдлага, алба хаагчид өөрсдөө үлгэрлэж буйд талархаж байна” гэв.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Улсын Их Хурал, Засгийн газар Улаанбаатар хотын олон асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлж ажиллаж буйд талархал илэрхийлээд “Хотын асуудлыг шийдэхэд ганц өрсөлдөгч нь цаг хугацаа. Тиймээс бид мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн төлөө 2022 онд хурдтай эрч хүчтэй ажиллана” гэлээ.

Нийслэл хотын төв хэсэг Их, Бага тойруу орчимд авто замын түгжрэл хамгийн их байдаг. Үүний нэг шалтгаан нь төрийн захиргааны барилга, байгууламжууд хотын төвдөө төвлөрсөнтэй холбоотой гэх судалгаа бий. Тиймээс хотын захиргааны зарим салбар, нэгжүүд эхний ээлжинд Яармагт байрлах нийслэлийн засаг захиргааны шинэ байр руу нүүгээд байна. Үүнтэй холбоотойгоор Яармаг орчмын автозамын ачаалал нэмэгдэхийг тооцож, түгжрэлийг сааруулах хэд хэдэн ажил эхэлж байгааг Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцууллаа.

Яармагт байрлаж буй нийслэлийн захиргааны барилга нь А, В, С гэсэн гурван блок, нийт 68 мянган ам метр талбай бүхий барилга юм. Өнөөдрийн байдлааар нийслэлийн 6 агентлагийн 400 гаруй алба хаагч А блокт байрлаж байна. Барилгын В, С блокийг энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …