Нийслэлийн ерөнхий боловсролын 55-р сургууль нь тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийг сургуульд бүрэн хамруулж, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн боловсрол олгох, амьдрах ухаанд сургаж бие даасан амьдрал хөдөлмөрт бэлтгэх зорилготой сургалтын үйл ажиллагаа явуулдаг.
2021-2022 оны хичээлийн жилд бага ангид 229, дунд ангид 232, ахлах ангид 39 сурагч нийт 500 гаруй сурагч суралцаж байна.
Сурагчдынхаа эцэг эхчүүдийн ачааллыг хөнгөлөх, өрхийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор тус сургуулийн дэргэд өдөр өнжүүлэх төв ажилладаг бөгөөд зөвхөн өөрийн сургуулийн сурагчдыг хүлээн авдаг юм байна.
Тус төв нь 2 үндсэн багш 2 туслах багш 25-30 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулдаг.
Эцэг эхчүүд ажилд явахаас өмнө хүүхдээ тус төвд хүргэж өгч ажил тарсны дараа хүүхдээ авдаг. Тус төвд хамрагдсанаар хүүхэд гэртээ байгаа юм шиг орчинд хооллож, амарч, гэрийн даалгавраа хийж, мөн хөгжүүлэх сургалтад хамрагддаг юм.
Өдөр өнжүүлэх төвд хамрагддаг хүүхдүүдийг илүү тав тухтай орчинд өдрийг өнгөрүүлэх, сурч хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор НИТХ-ын төлөөлөгч, ”Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн захирал Ү.Оюунзул нийгмийн хариуцлагын хүрээнд хувиасаа 5 сая төгрөгийн хандив өгсөн байна.
Цаг үеийн хүнд хэцүү байдлаас хамаарч бараа материалын хомстол, үнийн хэт хөөрөгдөл байсан хэдий ч өдөр өнжүүлэх төвийн багш нар, зарим ажилчид нөөц бололцоогоо ашиглан тохижилт, материалын чанар гэх зүйлүүд дээр онцгой анхаарч ажилласны дүнд тухлаг сайхан унтлагын өрөө, тоглоомын өрөө, үдийн цайны өрөөтэй болжээ.
Тус сургуулийн захирал, МУГБ Ч. Ганбилэг НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзулд хандан тусгай хэрэгцээт хүүхдүүдийн таатай орчин бүрдүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлж, сурагчдын бүтээлийн дээжээс дурсгал болгон гардуулан өглөө.
Цаашид НИТХ-ын төлөөлөгч, ”Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн захирал Ү. Оюунзул Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн цэцэрлэгч ногоочин мэргэжлийн ангийн сурагчдыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, багш нарт “Мод, бут, сөөг үрслүүлэх арга” сэдвээр сургалт явуулах, 2022 оны хавар тус хамт олныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, сургуулийн нэрэмжит төгөлтэй болгох санал тавьсныг сургуулийн захиргаа, хамт олон баяртайгаар хүлээн авлаа.