УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу Цагаан сараар амрах өдрийн тоог нэмэгдүүлэх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Баярцогт хууль батлагдсанаар амралтын өдөр нэгээр нэмэгдэхээр байгаа тул нийт амралтын өдрийг цөөрүүлэх талаар ямар саналтай байгааг тодруулахад төсөл санаачлагч “Хөдөлмөрийн хуулиар бүх нийтээр амардаг 10 өдөр байгаа нь нэгээр нэмэгдэх юм, цаашдаа үндэсний уламжлалтай холбоотойгоос бусад амралтын өдрийг цөөрүүлэх чиглэлээр бодолцож үзэх нь зүйтэй юм” гэсэн хариулт өгөв.
Харин төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан саналаа хэлсэн УИХ-ын гишүүн Н.Батцэрэг цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэх нь үндэсний уламжлалт ёс заншил, түүхэн уламжлалаа залуу хойч үеийнхэндээ өвлүүлэхэд ач холбогдолтой юм. Манайд одоогоор ямар нэг нам гэхгүйгээр үндэстнээрээ сэргэн дэвжиж болох томоохон хөтөлбөр, үзэл баримтлал хараахан гараагүй байгаа тул төр энэ талаар анхаарах шаардлагатай байгааг дурдав.
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Цагаан сарын баярынхаа утга учрыг сайн бодож цогцоор нь харвал амралтын өдрийг нэгээр нэмэх биш бүр гурваар нэмж, нийтдээ таван өдөр амардаг болгох нь өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам цөөтэй манай улсын хувьд үндэсний ёс уламжлалаа сэргээн хөгжүүлэхэд чухал юм гэсэн үндэслэлээр зарчмын зөрүүтэй санал гаргасан боловч олонхын дэмжлэг аваагүй тул саналаа татсан юм.
Ингээд гишүүн Су.Батболд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасан нь олонхын дэмжлэг авч, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ.