Цар тахлын улбар шар түвшингээс шар түвшинд шилжсэн хоёр дахь долоо хоног. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах Засгийн газрын тогтоол батлагдсан. Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хязгаарт өөрчлөлт орсонтой холбогдуулан согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх шөнийн сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн ахлах ахлагч Л.Пүрэв-Очир:
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст шар түвшинд шилжихээс өмнөх долоо хоногийн баасан гарагийн байдлаар Тээврийн цагдаагийн албанд нийт 279 дуудлага мэдээлэл ирснээс согтуу жолоочийн 31 мэдээлэл ирсэн. Шар түвшинд шилжсэн долоо хоногийн баасан гарагийн байдлаар 370 дуудлага мэдээлэл хүлээн авсан бөгөөд 40 согтуу жолоочийн мэдээлэл байсан. Өмнөх долоо хоногтой харьцуулахад согтуу жолоочийн мэдээлэл 9 нэгжээр өссөн байна.
Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсээс мэдээллийг авсны дараагаар бид Баянгол, Баянзүрх, Сүхбаатар болон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс үргэлжлүүлэн мэдээллийг бэлтгэлээ. Хоёрдугаар сарын 24-ний өдрийн шөнийн 00 цагт нийслэл хотын төв зам болон гэр хорооллын дундах туслах замуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, урсгал сөрсөн, зам тээврийн осол гаргасан хэд хэдэн зөрчлүүд илэрсэн юм.Шөнийн цагаар үйлдэгдэх зам тээврийн осол, аваарыг бууруулах, урьдчилан сэргийлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулах зорилгоор цагдаагийн алба хаагчид хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Мөнх-Эрдэнэ:
Жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна. Согтолтын зэрэг нь 2.43 хувьтай байна. Энэ нь тухайн жолооч биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон байгаа юм. Жолооч нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос зайлсхийх, дуудлагын таксигаар үйлчлүүлэх, таны ойр орчимд байгаа хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэж байгаа тохиолдолд та үүнийг таслан зогсоож цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг уриалж байна.
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ХОРИН ДОЛДУГААР БҮЛЭГ
ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН
АШИГЛАЛТЫН ЖУРМЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
27.10 дугаар зүйл. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих
1.Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг, согтуурсан, мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Мөнх-Эрдэнэ:
Бид Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэр Сансарын тунел орчим хяналт шалгалтыг хийн ажиллаж байна. Цаг шөнийн 01:00 цаг болсон хэдий ч замын хөдөлгөөн үргэлжилсэн байдалтай байгаа бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн тасрахгүй байна. Цагдаагийн алба хаагчид шөнийн цагаар замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тандагч багажаар шалгаж, замын хөдөлгөөний дүрмийг хэрэгжүүлэх ажил арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн цагдаагийн байгууллагаас шөнийн цагаар замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигч зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэрлээр анхааруулъя” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Уг арга хэмжээний гол зорилго нь замын хөдөлгөөнд оролцож байгаа явган зорчигч маань хар, бараан өнгийн хувцастай явж байгаа тохиолдолд ойртон ирж байгаа тээврийн хэрэгсэлд 20 орчим метрт харагдаж байгаа юм. 20 метрт харсан жолооч тээврийн хэрэгслээ бүрэн зогсоож чадахгүй, амжихгүй байгаагаас болж явган зорчигчийг мөргөх, шүргэх зэргээр гэмтээж бэртээх ослууд бүртгэгдсээр байна. Иймд шөнийн цагаар хар, бараан өнгийн хувцас өмссөн иргэд зам хөндлөн гарч байгаа тохиолдолд ойртон ирж байгаа тээврийн хэрэгсэлд өөрийгөө анхааруулах зорилгоор хамгийн энгийн зүйл болох гар утасныхаа гэрлийг асааж зам хөндлөн гарахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.
Энэ оны эхний нэг сарын байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 4000 жолооч бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 77.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Энхболд:
Тээврийн цагдаагийн албаны Мэдээлэл дүн шинжилгээний хэлтсийн гаргасан судалгаагаар сүүлийн 5 жилийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 157000 зөрчлийг гудамж, замын хяналт шалгалтаар илрүүлэн ажилласан байна. Үүнээс согтуу жолоочийн улмаас 588 хүний амь нас эрсэдсэн. 2021 онд гэхэд гудамж замын, хяналт шалгалтаар 40000 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлсэн. Одоогоор Монгол улсад 1.400.000 жолооч, 1.375.000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа юм. Үүнээс зам тээврийн осолд холбогдож, өртөж хохирч байгаа иргэдийг насны ангиллаар нь авч үзвэл 18-40 насны хөдөлмөр эрхлэх залуучууд байна.
Автомашин жолоодоход хүнээс өндөр түвшний сонор сэрэмж ба шийдэмгий байдлыг шаарддаг. Харин согтууруулах ундаа хэрэглэсэн хүний тархины төв мэдрэлийн системийн ажиллагаа удааширч, мэдээ мэдээлэл боловсруулах чадамжид муугаар нөлөөлж, нүдэн баримжаа болон гарын хөдөлгөөний тохиргоо алдагддаг байна.
Коронавируст цар тахлаас шалтгаалан цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа танхим болон цахим хосолсон хэлбэрээр явагдаж байсан болбүтэн хоёр жилийн дараа 100% танхимаар хичээллэх шийдвэр гарсан. Холбогдох байгууллагууд хамтран бэлтгэлээ бүрэн хангаснаар хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүд ахуйн осолд өртөх, зам тээврийн осолд орсон хүүхдийн тоо хичээл эхэлсэн долоо хоногт л 5 бүртгэгдсэн бөгөөд үүнээс 3 нь 10 хүртэлх насны хүүхдүүд харгалзах хүнгүйгээр зам хөндлөн гарч байгаад бэртэж гэмтжээ.
Хохирогч: Би найзтайгаа тоглочхоод гэр лүү гээ харих гээд явж байсан. Би бага зэрэг нойрмог алхаж байсан чинь араас машин ирж мөргөчхөөд зугтаасан. Хүүхдүүд ер нь зам хөндлөн гарч байхдаа болгоомжтой зорчоосой. Хүүхдүүдийг зам гарч байхад жолооч нар зам тавьж өгдөг бол гоё оо.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасгийн их эмч Б.Оргил:
Шар түвшинд шилжсэнтэй холбоотойгоор эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд 00 цагаас 04 цагийн хооронд ирдэг бөгөөд өвчтөний тоо нэг дахин нэмэгдсэн.
Иргэд та бүхэн архины хор уршгийн талаар ухамсарлах, аливаа тэмдэглэлт баяр ёслолоор архидан согтуурах бус амарч, зугаалах, явган аялах зэргээр чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх эерэг нөлөөллүүдийг нийгэмд дэлгэрүүлэх нь чухал юм. Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж жолооч та хороолол дунд сургууль, цэцэрлэг, тоглоомын талбайн ойр орчмын гарц дээр хурдаа сааруулах, явган зорчигч, хүүхдэд зам тавьж өгөх, эцэг, эхчүүд хүүхдээ явганаар аюулгүй зорчих зан үйлд сургах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй байх, жолооч та ядарсан үедээ жолооны ард суухгүй байх, жолоо барьж байхдаа гар утсаа оролдохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Орчин үеийн техник, технологийн дэвшил хөгжлийн шинэ боломж олгохын зэрэгцээ нийгмийн бусад сөрөг үзэгдлүүдийг ч дагуулсаар байна. Дэлхий нийтийг хамарсан Коронавируст цар тахалтай холбогдуулан манай улсад төдийгүй дэлхий даяар цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо нэмэгдэж байгаа юм.