Б.Бат-Эрдэнэ: Хариуцлагагүй уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг цуцална

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Баянхонгор аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, ойн анги болон сав газрын захиргаадын ажилтан, албан хаагчидтай уулзалт хийлээ. Мөн энэ үеэр БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа Баянхонгор аймгийн Ойн ангид мод үрсэлгээ, үржүүлгийн чиглэлээр ажиллуулах хүлэмж өгөхөөр болсон тухайгаа мэдэгдлээ.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ тус аймгийн хэмжээнд уул уурхайн улмаас газар сүйдэж байгаа асуудлыг анхааралдаа авч ажиллаж байгаагаа дурдаад цаашид Баянхонгор аймгийн хэмжээнд алт ухуулахгүй гэдэг байр суурьтай байгаагаа хэлсэн юм.

Тэрбээр “Хариуцлагагүй, замбараагүй уул уурхайгаас шалтгаалан Мазаалай зэрэг ховор амьтны оршин байх газар нутаг хумигдаж байна. Малчдын бэлчээрийг булааж аваад уул уурхайнханд өгчихдөг. Ийм байдал цааш үргэлжлэхгүй. Энэ байр суурьдаа хатуу байна гэдгээ Ерөнхийлөгчид хэлж байгаа. Хариуцлагагүй уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг цуцална. Цаашид Баянхонгор аймгийн хэмжээнд уул уурхайн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгохгүй байх чиглэлээр ажиллана. Шаардлагатай бол тодорхой газар нутгуудыг тусгай хамгаалалтад авна” гэсэн юм.

Мөн тэрбээр цөлжилтийн 49 хувь нь хүний үйл ажиллагаатай холбоотой байгааг дурдаад цаашид дотоод, гадаадын жуулчид дурын газраараа давхидаг, дуртай газраа хог хаядаг байдлыг журамлана. Жуулчны баазууд руу тал бүрээс нь давхиж очдог, бэлчээр нутаг талхалдаг байдлыг хязгаарлаж, нэгдсэн зам харгуйтай болгох шаардлага тавина гэдгээ хэллээ.

Түүнчлэн аялал жуулчлалын салбарт стандарт мөрдүүлэхээс гадна аймгийн төвүүдийн нисэх онгоцны буудлыг сайжруулах, хөгжүүлэх шаардлагатай байгааг тодотгоод үүнд шаардлагатай төсөв, хөрөнгийг гаргах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Тэрбээр “Зөвхөн Улаанбаатар хотод жуулчин ирдэг. Тэгээд наашаа 600 км газар машинаар явахаас төвөгшөөдөг байдалтай хэвээрээ байвал аялал жуулчлал санасан хэмжээнд хөгжихгүй. Вьетнам, Японоос жуулчин шууд л аймгийн онгоцны буудал дээр буудаг болох ёстой. Ингэж байж аялал жуулчлал цогц утгаараа хөгжинө” гэж тодотгож байлаа.

“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн талаар хэлсэн үгэндээ “Байгаль орчны салбар дээр эрдэмтэн судлаачдын үгийг сонсоно. Улсын хэмжээнд хөрсний судалгааг бид яаралтай хийлгэнэ. Хоёрдугаарт, эдийн засгийн үр ашигтай мод тариалалтын асуудлыг хөндөх ёстой. Нөгөө яриад байдаг жимс, жимсгэний мод, ховор ургамал үүнд багтах юм. Ингэж “Тэрбум мод” хөтөлбөрийн , ногоон байгалиа хамгаалах асуудлыг шийднэ. Мөн бид байгаа ойгоо бас хамгаалах учиртай. Өнөөдөр 1.1 тэрбум модыг хортон шавжаас хамгаалах ажлыг хийхгүй бол сүйрэх дээрээ тулсан байна. Энэ асуудал дээр Ерөнхийлөгчийн Тамгын газартай нягт хамтарч ажиллана” гэв.

Үгийнхээ төгсгөлд “Аливаа ёс зүй хийгээд албан тушаалын хувьд асуудал гаргасан, авлигатай орооцолдсон албан тушаалтныг даруй чөлөөлнө. Дээр нь бид тухайн албан тушаалтантай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагад явуулна. Тиймээс энэ бүгдээс та бүхэн ангид байгаарай гэж хүсэж байгаа юм. Нөгөө талдаа шаардаж байгаа” хэмээн тодотгосон юм.

Үүний дараа Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хэлсэн үгэндээ “БОАЖ-ын сайд холбогдох албаныхантайгаа ирлээ. Энэ явдал Баянхонгор аймагт байгаль орчны чиглэлээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, зарим асуудлыг ойлгомжтой болгоно гэж найдаж байгаа. Би Б.Бат-Эрдэнэ сайдтай санал нэг байна. Бидний байгаа нөхцөл бүх талаараа л байгаль орчны эсрэг болчихоод байна. Уул уурхайтай холбоотой асуудал олон гарсан. Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийхийг хуульчилсан байдаг. Гэтэл бид баахан овоолсон чулуу, цагаан шороо, эргэсэн хөрстэй үлдлээ. Өнгөрсөн 25 жил энэ олон байгаль орчны байгууллагууд байсан. Гэвч одоо танд нэг таагүй юм дуулгахад бидэнд биологийн нөхөн сэргээлт хийсэн нэг ч га газар алга. Таны саналыг бүрэн дэмжиж байна. Баянхонгорт маш их хайгуулын лиценз хүссэн хүсэлт ирж байгаа. Сүүлийн 1.5 жилд нэгийг нь ч дэмжээгүй. Одоо харин байгаа лицензүүдийг цуцлуулах чиглэлд ажиллана. Монголын тэрбумтан болчихсон хүмүүсийн үлдээсэн нүх л бидэнд байна” гэж байлаа.

Мөн тэрбээр “Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн тухайд манай аймгийнхан хичээж байгаа. Сүүлийн гурван сар бичиг баримтын асуудал дээр суугаад үндсэндээ бэлэн болгосон. Түүнийгээ баталгаажуулаад зөвлөгөөнөө хийлээ. Одоо бид ажилдаа орно” гэсэн юм.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …