Энэ онд нийслэлд 131.4 га талбайг ойжуулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр танилцуулав.

Тэрбээр “Тэрбум мод” хөдөлгөөнийг нийслэлд 2030 он хүртэл гурван зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, ойжуулалт, нөхөн сэргээлтэд 12.948 га талбайд 20.7 сая мод, бүх төрлийн хамгаалалтын ойн зурваст 3350 га-д 4.5 сая мод, мөн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба 65 сая мод нийслэлийн суурьшлын бүсэд тарьж, ургуулахаар бэлдсэн.

Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн төслийг олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний оролцоотой өрнүүлж 29.8 сая мод, нийт 120 сая модыг нийслэлд тарьж ургуулна.

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ойн хомсдол, доройтлыг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор түймэрт өртсөн, хөнөөлт шавжинд идэгдсэн, мод бэлтгэсэн талбайг нөхөн сэргээх, ойжуулах ажлыг хийхээр төлөвлөсөн. 2022 онд нийслэлд 131.4 га-д ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, ойн зурвас байгуулахаар төлөвлөн ажиллаж байна” хэмээв.

Нийслэлийн хэмжээнд ойжуулалт, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй 115 байгууллага байдаг. Үүнээс 29 газар нь 49.6 га талбайд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт 4.6 сая тарьц, суулгацын нөөц бий.  

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлд есөн арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэхээр  төлөвлөжээ. Тодруулбал, мод үржүүлгийн агро ойн аж ахуйн газар байгуулахад ус ашиглалтын төлбөрөөс хөнгөлөх, ойн мэргэжлийн байгууллагад мод үржүүлгийн зориулалтаар газар олгох дэмжлэг үзүүлэх, мод тарих соёлыг нутагшуулах урт хугацааны нөлөөллийн аяныг хийх, мод үржүүлгийн аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт эдлүүлэх эрх зүйн баримт бичиг боловсруулах, зээл бий болгох, урамшуулах зэрэг ажил хийхээр төлөвлөсөн байна.

 Мөн гуравдугаар сарын 28-нд “Тэрбум мод” зөвлөгөөнийг зохион байгуулах юм.

Хотын дарга Ерөнхийлөгчийн санаачилсан тус хөдөлгөөний чухлыг дурдаад, Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, үүнтэй ажлуудаа уялдуулах, иргэдийг идэвхтэй хамруулах хэрэгтэйг онцоллоо.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …