Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргын орлогч болон Ерөнхий архитектор, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга нарын иргэдтэй уулзах хуваарийг баталсан. Хуваарийн дагуу Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн өнөөдөр Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл” салбарт иргэдтэй уулзлаа. Уулзалтад Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга М.Шижирбаяр, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан, Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Н.Ариунтөгс, НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтан Б.Намуун нар оролцсон юм.
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны иргэн Н.Цэрэнпүрэв тэргүүтэй жолооч нар ачаа тээврийн үйлчилгээ эрхлэхэд тулгамдаж буй асуудлаа шийдүүлэхээр хандлаа.
Тэдгээр иргэд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах барилгын материалын зах буюу Техник импорт, гаалийн хяналтын талбай болон бусад худалдаа, үйлчилгээний төвүүдийг түшиглэн хувийн унаагаараа тээврийн үйлчилгээ эрхэлж, амьдрал ахуйгаа залгуулдаг. Тухайн орчинд тээврийн машины зориулалтын зогсоолгүйн улмаас авто замын нэгдүгээр эгнээг таглан зогсож, тээвэрлэх ачаагаа олдог аж. Энэ нь хууль дүрэм зөрчсөн үйлдэл учраас Баянгол дүүргийн цагдаа нар байнга торгох, бичиг баримт хураах арга хэмжээ авдаг байна. Тиймээс ачаа тээвэрлэгчдэд зориулсан зогсоолтой болгож өгөхийг хүслээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Одсүрэн жолооч нарын хүсэлтийг сонсоод “Авто замын нэг эгнээг бүхэлд нь хааж зогсох нь холбогдох хууль болоод замын хөдөлгөөний дүрэм, журам зөрчсөн үйлдэл. Цаашид ийм байдлаар үйлчилгээгээ үргэлжлүүлэх боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Тиймээс ойролцоох албан ёсны зогсоолд түрээс төлж зогсох боломжийг та бүхэнд олгох нь зөв шийдэл. Уг зогсоол хувийн эзэмшлийнх учраас эзэмшигч болоод нийслэлийн холбогдох албатай гурвалсан гэрээ байгуулах болно. Гэрээ байгуулахын тулд тээврийн жолооч нар нэгдэж, төрийн бус байгууллага, хоршоо нэгдэл байгуулан, ахалж ажиллах хүнээ томилж, хамтын шийдвэрт хүрсэн байх шаардлагатай. Мөн тодорхой хэмжээний төлбөр мөнгө төлөх байх. Ингэхгүй бол авто замын нэгдүгээр эгнээг хааж үйлчилгээ эрхлэх нь боломжгүйн дээр уг зам төлөвлөлтийн дагуу хоёр талаасаа гол замуудтай нийлж, түгжрэл бууруулах гарц болох учиртай. Ойр орчимд нь ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн” гэдгийг тайлбарлалаа.
Ачаа тээвэр эрхлэгч жолооч нар хамтын шийдвэр гаргасны дараа Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын төлөөлөлтэй эргэн уулзаж, зогсоолын асуудлыг шийдвэрлэхээр боллоо.