Нийслэлийн Онцгой комисс /НОК/-ын удирдах бүрэлдэхүүн, гишүүдэд Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах, гамшгийн чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулахад удирдлагын гүйцэтгэх үүрэг, зохион байгуулалт, харилцан ажиллагааг хангуулах сургалт өнөөдөр боллоо.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “НОК-ын гишүүдийг чадавхжуулах, гамшиг, ослын талаар мэдээлэл өгөх зорилготойгоор өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалт зохион байгуулснаар удирдах бүрэлдэхүүн чадавхжиж, гамшиг, осол үүссэн үед удирдлага, зохион байгуулалтаар хангах арга зүйд суралцах юм. Улаанбаатар хотод үүсэж болзошгүй газар хөдлөлт, үер гэх мэт олон гамшгийн эрсдэл бий. Энэ үед хуулиар олгосон ямар эрх, үүрэг байдаг, ямар хүч бүрэлдэхүүн байдаг талаарх мэдээллээр хангаж, сургаж, дадлагажуулж байна” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Аливаа гамшиг, ослоос урьдчилан сэргийлж, бэлтгэл ажлыг сайтар хангаж, зохион байгуулалтад орж, ойлголтоо нэгтгэж ажиллах ёстой. Өнөөдрийн сургалтаар Улаанбаатар хотын гамшиг, ослын үед эрсдэлийг даван туулах нөхцөл байдлыг бусад хоттой жишсэн байдлаар танилцуулж байгаа нь зөв. Мэргэжлийн хүмүүс сүүлийн үед газар хөдлөлтийн давтамж өсөж байгааг хэлж байна. Улаанбаатар хотод гамшиг, осол болбол эрсдэлийг даван туулах төлөвлөгөө гаргах ёстой.
Нийслэлд хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа учраас иргэдийн аюулгүй байдлыг хангаж, газар хөдлөлт, гал болон үер усны гамшиг ослын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, соён гэгээрүүлэх ажлуудыг НОК хийж, хэрэгжүүлэх шаардлагатай. Ялангуяа дүүргийн удирдлагуудад дээрх сургалт, арга хэмжээг зохион байгуулахыг үүрэг болгож байна. Жил бүр Улаанбаатар хотод үер, усны аюул нүүрлэдэг. Тиймээс үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлж, хүн хүчээ зөв хуваарилж, зохион байгуулан, бэлтгэл ажлаа хангах хэрэгтэй. Мөн шар өвстэй холбоотойгоор гал түймэр гарах эрсдэл нэмэгддэг. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хуурайшилт өндөр байгаа учраас дүүргийн удирдлагууд зуслан, ойн бүсэд амьдарч, аялж зугаалж байгаа иргэдэд анхааруулах арга хэмжээг давтамжтай зохион байгуулах шаардлагатай” хэмээлээ.
Халиа, тошин үүссэн газарт шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов
Мөн Хотын дарга нийслэлчүүд эрүүл хүнс, мах, сүүн, сүүн бүтээгдэхүүнээр хангагдах ёстой. Нийслэлийн эдэлбэр нутагт боом болон шүлхий, бусад төрлийн халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, хэрэгжүүлэх хэрэгтэйг тодотгож байлаа.
Түүнчлэн НОК-ын удирдах бүрэлдэхүүн, гишүүд, холбогдох албан тушаалтнуудад дараах үүргийг өгөв.
- Улаанбаатар хотын 300 км-ын радиуст эдийн засгийн судалгаа хийж, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоогоор хотын иргэдийг хангах эдийн засгийн эргэлтийг бий болгоход анхаарч ажиллах;
- Шинээр барих мал эмнэлгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн байгууламжийг Улаанбаатар хотын суурьшлын бүс, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын байршил, хилийн цэстэй уялдуулан, орчин үеийн стандартад нийцүүлэн барьж байгуулах;
- Улаанбаатар хотын суурьшлын бүс, хилийн цэстэй уялдуулан авто тээврийн шалган нэвтрүүлэх зарим товчоог үе шаттай нүүлгэн шилжүүлэх;
- Үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг үе шаттай засварлах, шинээр барих, хөрсний ус, халиа тошин үүссэн газарт шуурхай арга хэмжээ авч ажиллах;
- Үерийн хамгаалалтын далан суваг, гадаргуугийн ус зайлуулах байгууламжийн ашиглалт, хамгаалалт, цэвэрлэгээ, арчилгаа, засвар үйлчилгээг сайжруулах;
- Нийгмийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдэд зориулсан сургалтыг холбогдох байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулах;
- Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийн асран хамгаалагч болон эцэг эхчүүдэд газар хөдлөлтийн гамшгийн үеийн ойлголт, гамшгийн үед өөртөө болон бусдад анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг олгох зэргийг үүрэг болгов.