Л.Энх-Амгалан: Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахад шинээр 280 цэцэрлэг барих шаардлагатай

УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо өчигдөр хуралдаж, хуралдаанд Түр хорооны гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Засаг даргын орлогч нар оролцсон юм.
Хурлаар сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал, шийдлийн талаар хэлэлцсэн юм.

Манай улсад 2-5 насны 305.783 хүүхэд байгаагаас 2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 233.090 хүүхэд хамрагдаж байна. 4-5 насны хүүхдийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдах байдал харьцангуй өндөр (86-93 хувь) байгаа, гурван настнуудын 73 хувь нь цэцэрлэгт хамрагдсан бол хоёр настнуудын 53.9 хувь нь цэцэрлэгт хамрагджээ. Үүнээс үзвэл, Улаанбаатар хотод 38.538, орон нутагт 334.159 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадаагүй байгаа юм.

Улаанбаатар хотод нийт 674 цэцэрлэг бий. Тэдгээрийн 276 нь төрийн өмчит, 398 нь хувийн  хэвшлийнх. Энэ хичээлийн  жилд  зургаан дүүргийн 17 хороо төрийн өмчийн цэцэрлэггүй байгаа бол хэт ачаалалтай 57 цэцэрлэг байна.  Хэт ачаалалтай цэцэрлэгүүд  58 мянга орчим хүүхдийн орон тоонд 77 мянга орчим хүүхэд аваад байгаа юм.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгох зорилгоор ойрын хугацааны 10 шийдлийг боловсруулсан байна. Тэрхүү шийдлийг Л.Энх-Амгалан сайд танилцуулсан.

 Тэрбээр “Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулахад шинээр 280 цэцэрлэг барих шаардлагатай. Нийслэлд жилд дунджаар 60-70 мянган хүн шилжин ирдэг гэж тооцвол, улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийдэх боломжгүй. Иймээс цэцэрлэгийн барилгыг улс, нийслэлийн төсөв болон төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр барихын зэрэгцээ цэцэрлэгийн зориулалттай барилгыг түрээслэх, байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих, хувийн цэцэрлэгүүдийн сул орон зайд хүүхэд хүлээн авах боломжийг бүрдүүлэхэд анхаарна. Ингэхдээ хүүхдийн тоогоор хувьсах зардал болон хоолны зардлыг олгохоор тооцсон. Алслагдсан гэр хороололд “Өргөө” цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх бөгөөд энэ онд хоёр цэцэрлэг барихаар төсөвт суулгасан байгаа” гэв.

Мөн ачаалал өндөртэй 57 цэцэрлэгийн найм нь орон сууцны, 26 нь шинэ хорооллын дунд байршилтай байгаа учраас орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах, өөрийн газар дээр цэцэрлэг барьсан тохиолдолд төрөөс дэмжиж татварын хөнгөлөлт үзүүлэх талаар арга хэмжээ авна гэдгийг хэллээ.

Түүнчлэн хүүхэд харах үйлчилгээг шинэ шатанд гаргахад анхаарч, 2-3 насны хүүхдийг тус үйлчилгээнд хамруулна. Ингэснээр ачаалал өндөртэй 57 байршилд 5000 гаруй хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах боломжтой гэсэн судалгаа хийсэн байна.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …