Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Эрдэнэсүхтэй зам тээврийн осол, хүүхдийн аюулгүй байдлын талаар ярилцлаа.
Цагдаагийн байгууллагаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сүүлийн үед ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байна вэ?
Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр Засгийн газрын 128 дугаар тогтоолоор батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн гаргасан төлөвлөгөө, Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас гаргасан төлөвлөгөөг удирдлага болгон төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотойгоор ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Үүний хүрээнд хүүхэд өртсөн зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр “Зариг.мн” сайттай хамтран хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх аяныг зохион явуулж байна. Аян маань “Таван хором хүлээе, анхааръя, талархъя” гэсэн уриатайгаар 2 сарын хугацаатай зохион байгуулагдана.
Мөн хүүхдийн аюулгүй байдлыг хангахад юун дээр анхаарах, цаашид ямар бодлогын чиглэлээр ажиллах, төрийн болон хувийн хэвшлийнхэн энэ тал дээр хэрхэн анхаарч хамтран ажиллах талаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Зам тээврийн осолд өртөж буй хүүхдүүдийг насаар нь ангилж үзвэл хэдэн насны хүүхдүүд түлхүү өртөж байна. Үүний шалтгаан нь юу байна вэ?
Хүүхэд өртсөн зам тээврийн осолд 7-14 насны хүүхдүүд явган зорчигч буюу тээврийн хэрэгсэлд зорчигч хэлбэрээр явж байхдаа өртөж байна. Түүнчлэн 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд ганцааранг нь оролцуулахгүй гэдэг ч энэ зүйл заалтыг зөрчсөнөөрөө хүүхэд ганцаараа замын хөдөлгөөнд оролцон осолд өртөж байна. Энэ нь л гол шалтгаан нөхцөл нь болж байна.
Хүүхдүүд зам тээврийн осолд нийслэлд илүү их өртөж байна уу? Орон нутгийн замд өртөж байна уу?
Өнгөрсөн 2021 оны байдлаар авч үзвэл нийслэлд явган зорчигч байдлаар зам тээврийн осолд нэлээд өртсөн. Орон нутгийн замд хүүхэд тээврийн хэрэгслээр зорчих үедээ осолд өртөж байна. Мөн тээврийн хэрэгслийг хөдлөх үед зам орчны байдлыг биеэр үзээгүйгээс болж хүүхэд хашаандаа, хот айлын гадаа тоглож байхад нь тээврийн хэрэгслээ хөдөлгөснөөр осол гаргасан хэд хэдэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар мэдээ, мэдээлэл өгдөг ч зам тээврийн осолд их бага хэмжээгээр өртсөн тохиолдолд хаана, хэнд хандах талаар мэдээлэл тэр бүр өгдөггүй. Энэ талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө үү?
Ийм тохиолдол ихэвчлэн 10 хүртэлх насны хүүхэд ганцаараа замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд их бага хэмжээгээр өртөөд айж сандарснаасаа болж эцэг эхдээ болон цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй нуух тохиолдол байдаг. Жолооч нар зам тээврийн осолд холбогдсон бол тухай бүр нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж бага гэмтэл авсан гэдэг өрөөсгөл байдлаар хандалгүй нэн даруй цагдаагийн байгууллагад хандаж, эцэг эх, асран хамгаалагчид нь мэдэгдэж хойшлуулшгүй арга хэмжээ авч байгаарай.
Мөн эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид энэ талаар сурагчдадаа хэлж анхааруулж, байгаарай гэж хэлмээр байна.
Хүүхэд өртсөн зам тээврийн ослоор өнгөрсөн онд гэхэд 51 хүүхэд харамсалтайгаар амь насаа алдаж 438 хүүхэд хүнд болон хүндэвтэр гэмтэл авсан тоон үзүүлэлттэй байна. Цагдаагийн байгууллагаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр жил бүр тодорхой төрлийн ажил, арга хэмжээ зохион явуулж байгаа ч дан ганц цагдаагийн байгууллага урьдчилан сэргийлээд үр дүнд хүрэхгүй. Иргэд, аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажилласнаар тодорхой үр дүнд хүрэх юм.
Эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээ зам тээврийн ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх болон өсвөр насны хүүхдүүд замын хөдөлгөөнд хэрхэн зөв оролцох талаар зөвлөгөө өгнө үү?
Урин дулааны цаг эхэлсэнтэй холбогдуулаад бага насны хүүхэд зам тээврийн осолд их өртдөг. Энэ нь цаг агаар дулаарч, эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүй гадаа талбайд гаргаснаас үүдэлтэй. Орон сууц болон гэр хороолол дундах зам талбайд хүүхдүүд хөөцөлдөж тоглон гэмтэж, бэртэх нь ихэсдэг. Мөн өсвөр насны хүүхдүүд цахилгаан скүүтэр, унадаг дугуйтай төв зам дээр хөдөлгөөнд оролцож явган зорчигч мөргөх, тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх зэрэг зөрчлүүд гаргаж байна. Цахилгаан скүүтэрийг 14 хүртэлх насны хүүхэд унаж замын хөдөлгөөнд оролцож болохгүй, 14-өөс дээш насныхан цахилгаан скүүтэртэй зориулалтын замаар буюу унадаг дугуйн замаар зорчино. Энэ төрлийн осол бүртгэгдэх гол шалтгаан нь цахилгаан скүүтэртэй автомашины зам руу орсноос үүдэлтэй байна. Мөн явган зорчигч мөргөн гэмтэл учруулж байгаа учраас аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцоорой гэж анхааруулмаар байна.
Ярилцсанд баярлалаа.