Хаврын их цэвэрлэгээний хүрээнд 4.5 сая ам метр талбайг цэвэрлэжээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2022 оны А/08 тоот тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах хуваарийг баталж, бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг бямба гарагт өрнүүлсэн.  

Их цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын 700 гаруй албан хаагчаас гадна хог хаягдлын үйлчилгээний байгууллага, иргэдийн бүлэг, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцов.

Тодруулбал, есөн дүүргийн хэмжээнд нийт 4.5 сая ам метр талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажилд төр, хувийн хэвшлийн 14.319 байгууллагын 73.472 хүн хамрагдаж, хог тээврийн 27 байгууллагын 268 тусгай зориулалтын автомашин 757 рейсээр 5621.6 тонн хог хаягдлыг тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргэлээ. Мөн аж ахуй нэгж, байгууллагууд орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэн чийгшүүлж, хайс, хашлага, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжаа цэвэрлэв. Үүнээс гадна автобусны буудал, нүхэн болон гүүрэн гарц, хогийн сав, гудамж, зам, талбайн хог хаягдал, хатсан шарилж ургамлын цэвэрлэгээг хийж гүйцэтгэсэн юм.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь Улаанбаатар хотын 10 орчим хөшөө дурсгал, 9000 метр хайс, хашлага, 500 сандал, 600 хогийн сав болоод 50 га талбай дахь ногоон байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээ, арчлалт, хамгаалалтыг хариуцан ажилладаг. Тохижилт үйлчилгээний албаны ажилчид тэдгээрийг хуваарийн дагуу сард хоёр удаа угааж, цэвэрлэдэг байна. 

Хайс, хашлагыг  цэвэрлэж байсан Тохижилт үйлчилгээний албаны наймдугаар бригадын зам талбайн мастер Б.Оюунчимэг “Хот тохижилтын газарт арван жил мастер хийж байна. Зөвхөн тамхины иш гэхэд өөрөө агшин зуурт л хаягддаг хог. 4, 5 жилийн өмнө цэвэрлэгээ хийгээд явж ч амжаагүй байхад жолооч нар тамхины ишээ хаядаг байлаа. Харин одоо бол өмнөх үетэй харьцуулахад хүмүүсийн ухамсар их сайжирч байгаа нь анзаарагддаг” хэмээн хэлэв.  

Мөн тэрбээр цэвэрлэгээний машин, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж сайжирснаар олон хүн оролцдог ажлыг 2-3 ажилтан хийх болсон нь ажлын ачааллыг хөнгөвчилсөн тухай дурдлаа.



Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …