Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулав.
Тэрбээр, “Төрийн хэмнэлтийн тухай хууль нь төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаандаа заавал дагаж мөрдөх хязгаарлалтуудыг хуульчлан тогтоож өгсөн бөгөөд тус хуульд төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зардлыг танах чиглэлээр нийт 39.1 тэрбум төгрөгийн хэмнэлтийг гаргахаар төлөвлөсөн.
Гадаад нөхцөл байдлаас шалтгаалан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлттэй байгаа энэ хүнд цаг үед иргэдийнхээ бодит орлогыг хамгаалахад чиглэсэн хүнсний гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас он дуустал чөлөөлөх хуулийн төслийг боловсруулсан.” гэлээ.
Мөн хот, хөдөөгийн тэнцвэрт байдлыг хангаж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд татварын ялгавартай бодлогоор хөдөө, орон нутагт бизнес эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зохицуулалтыг тусгажээ. 2022 оны төсвийн жилээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу орон нутаг дахь ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллеж, театр, чуулга, музей, номын сан, сумын соёлын төв зэрэг байгууллагын байрны үйлчилгээний чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн үйлчилгээний ТҮ1-ТҮ3 зэрэглэлийн албан хаагчдын цалинг ялгаатай эх үүсвэрээс олгодог болсноор салбар, салбарын хэмжээнд ажиллагсдын ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх, түүнтэй уялдсан цалин хөлсний бодлого хэрэгжүүлэхэд хүндрэл үүссэн тул үйлчилгээний албан хаагчдыг үндсэн байгууллагадаа харьяалагддаг байхаар хуулийн төсөл болон Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд тус тус холбогдох өөрчлөлтийг тусгажээ.
Түүнчлэн төсвийн тодотголд тусгасан төрийн өмчийн засаглалын шинэчлэл, хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, иргэдийн орлогыг хамгаалах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг эдийн засаг, нийгмийн бодлогуудыг хэрэгжүүлэх үүднээс хуулийн төслийг дагалдуулж холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг боловсруулсан байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ.” гэж заасны дагуу Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хуулийн төслөөс “13.4.6.үүрэн холбооны төсөл, арга хэмжээ;” гэснийг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд 55.6 хувийн саналаар дэмжлээ.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд шилжүүлэхээр тогтлоо.