Энэ онд 386.1 мянган га-д үр тариа, 362.7 мянган га-д улаанбуудай, 70.2 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал, 17.3 мянган га-д төмс, 12.0 мянган га-д хүнсний ногоо, 7.6 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 559.6 мянган га–д тариалалт хийж 339.9 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлж хэрэгжилтийг зохион байгуулж байна.
Монгол улсын Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд 3 хувийн хүүтэй нийт 150.0 тэрбум, төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэсэн.
Одоогийн байдлаар 40 гаруй мянган иргэн, аж ахуйн нэгжийн нэрсийг орон нутгаас хүлээн авч нэгтгэж, гэрээний дагуу арилжааны 8 банкинд хүргүүлснээр хөнгөлөлттэй зээл олголтыг эхлүүллээ. Арилжааны банкнаас ирүүлж буй мэдээгээр 441 аж ахуйн нэгж, иргэнээс 130.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч үр тарианы чиглэлийн 62 аж ахуйн нэгжид 7.2 тэрбум, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч 101 иргэнд 2.1 тэрбум, нийтдээ 9.3 тэрбум төгрөгийн зээлийг олгож, 112.3 тэрбум төгрөгийн зээл судалгаанд байгаа аж.