Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлэх шинэчлэлийн талаар хэлэлцлээ. Хуралдаанаас 2024 он гэхэд нийтийн тээврийн салбарт бүрэн шинэчлэл хийх үүргийг өгсөн. Энэ тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
-Нийслэлийн нийтийн тээврийн салбарын шинэчлэлийн талаар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Улаанбаатар хотод нэн шаардлагатай байгаа нийтийн тээврийн парк шинэчлэлийг хоёр үе шаттай хэрэгжүүлэх үүрэг өглөө. Өнгөрсөн 2021 оны улсын төсөвт 60 орчим автобус шинээр оруулж ирэх хөрөнгө мөнгийг суулгасан хэдий ч “Ковид-19 цар” тахлын үеийн болон дараах эдийн засгийн нөхцөл байдал, тээвэр логистикийн гацалтаас шалтгаалан тэдгээр автобусыг одоо л хил гааль дээр авчраад байна. Хүүхдийн 75 автобус ч мөн хил дээр ирээд байна. Тэдгээрийг богино хугацаанд буюу нэг сарын хугацаанд татан авахаар ажиллаж байгаа.
Нийслэл Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийг стандартад нийцүүлье гэвэл 1432 автобус шаардлагатай. Энэхүү стандартад нийцсэн хэмжээний автобусны шинэчлэлийг хоёр үе шаттай хэрэгжүүлэх үүргийг Ерөнхий сайд өглөө. Тиймээс шаардлагатай автобусны 50 хувийг энэ онд, үлдсэн 50 хувийг 2023-2024 онд шийдэж, нийтийн тээврийн асуудлыг нэг мөр цэгцлэх үүргийг өгсөн.
Улаанбаатар хотын хэмжээнд 2022 оны төгсгөл гэхэд 975 тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа дуусаж байгаа. Түүний 60 хувь буюу 591 автобусыг төр, хувийн хэвшлийн эдийн засгийн түншлэлийн хүрээнд олон улсын санхүүгийн дэмжлэгтэй авахаар бэлдээд байна. Олон улсын санхүүгийн зах зээлээс татсан 40 сая орчим ам.долларын зээлийг хоёр жилийн хугацаанд буцаан төлөх санхүүгийн схем гаргасан. 2022 онд 590, 2023 онд 299, 2024 онд 86, нийт 975 автобусыг шинэчилж дуусах юм.
Өнгөрсөн нэг жилийн төсвийн явц, тендерийн хуультай холбоотойгоор автобусны худалдан авалт саатаж, сул тал бодитоор гарсан. Тиймээс хугацаа дуусаж буй 530 автобусны шинэчлэлийг нэн богино хугацаанд хийх үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өгсөн. Ингэхдээ үйлдвэрлэгч компанитай шууд харилцан парк шинэчлэл, засвар үйлчилгээтэй нь хамт оруулж ирэх юм. Эхний ээлжид цахилгаан хөдөлгүүрт автобус 110, дизель хөдөлгүүрт 410, троллейбус 40, дунд оврын автобус 30-ыг оруулж ирэхээр хуваарь гаргасан гэлээ.