Оюутнуудын эх орон, үндэсний соёлоо сурталчлах аян үргэлжилж байна

Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн монгол оюутнууд тавдугаар сарын 20-ны өдөр Москва мужийн Орехово-Зуево хотод зохион байгуулагдсан “Миний найз гадаад хүн” сэдэвт залуучуудын наадамд оролцож эх орныхоо түүх, соёлыг харуулсан үзэсгэлэн дэлгэжээ.

Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн оюутнуудын эх орон, үндэсний соёлоо сурталчлах аяныг Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн Монгол оюутнууд үргэлжлүүлж тавдугаар сарын 25-ны өдөр сургууль дээрээ зохион байгуулагдсан “Дэлхийн амт” олон улсын хоолны соёлын наадамд, Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуулийн оюутнууд мөн тавдугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдсан “Соёлын наадам”-д, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн оюутнууд тавдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан “Үндэсний хоолны өдөр”-т амжилттай оролцсон байна.

Оюутнууд үндэсний төрөл бүрийн хоолны амталгаа хийхийн сацуу арга хэмжээний оролцогчдод болон зочдод Монголын түүх, соёлын талаар танилцуулж, тэдний сонирхсон асуултад хариулт өгч, халуун дотно яриа өрнүүлж байв.

Дээрх арга хэмжээнүүд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуулийн “Монгол хэлний орчуулагч”-ийн ангийн хоёрдугаар курсийн орос оюутнууд монгол оюутнуудтай хамтран анх удаа “Соёлын наадам”-д оролцсон ажээ.

“Соёлын наадам”-ын хүрээнд зохион байгуулагдсан концертод монгол хэлний орчуулагчийн хоёрдугаар дамжааны оюутан Гюнель Кулиевагийн бүжсэн биелгээ, бэлтгэл дамжааны оюутан Н.Болормаагийн тоглосон аман хуурын аялгуу үзэгчдийн талархал, таашаалыг маш ихээр хүртэж байлаа.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …