Төрийн өмчит зарим компанийг биржээр дамжуулан олон нийтийн хяналтад шилжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар 2022-2023 онд биржээр төрийн мэдлийн хувьцааг нээлттэй худалдах, олон нийтийн хяналтад шилжүүлэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтыг баталлаа.

Засгийн газрын энэхүү шийдвэртэй холбоотойгоор жагсаалтад багтсан хуулийн этгээдүүдийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах, нэмэлт хувьцаа гаргах тоо хэмжээ, нэгж үнийг тогтоох, нэмэлт хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авахыг компанийн одоогийн хувьцаа эзэмшигчдэд санал болгох эсэх, Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэх, хувьцааг худалдан борлуулснаас олох орлогыг тухайн компанийн техник технологийг шинэчлэхэд зарцуулах зэрэг зохион байгуууалтын арга хэмжээ авч ажиллахыг төрийн өмчит хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагуудад Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.

Жагсаалтад заасан төрийн өмчит хуулийн этгээдийн энгийн хувьцаа нэмж гаргах, биржээр олон нийтэд нээлттэй арилжаалах ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, үр дүнг Засгийн газарт танилцуулахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нарт даалгав. 2022-2023 онд биржээр төрийн мэдлийн 34 хувийг нээлттэй худалдах, олон нийтийн хяналтад оруулах төрийн өмчийн хуулийн этгээдийн жагсаалтад “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ болон авто зам арчлалтын компаниуд багтжээ. Төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналтад оруулах ажлыг эрчимжүүлэх, улмаар хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжихийг холбогдох сайд, албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо.

Төрийн өмчит зарим компанийг нэгтгэлээ

 “Монгол Ус” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгалаа. Мөн “Цагаан шонхор” төрийн өмчит үйлдвэрийн газрыг “Бөртэ” төрийн өмчит үйлдвэрийн газарт, “Буянт-Ухаа” спортын ордныг Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв” төрийн өмчит үйлдвэрийн газартэй нэгтгэлээ.

Эрчим хүчний хөгжлийн төв, Геологийн судалгааны төвийг нэгтгэн төрийн өмчит хязгаарлагдмал компани болгон өөрчлөн зохион байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. “Радио телевизийн үндэсний сүлжээ”, “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв”, “Аялал жуулчлалын хөгжлийн төв”, “Монгол, Кувейтийн байгаль хамгаалах төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон Хөдөө аж ахуйн бирж, “Авто импекс”, “Дархан арьс ширний цогцолбор бүтээн байгуулалт” компани зэрэг цаашид төр оролцох шаардлагагүй, хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг татан буулгах, эсхүл ижил төстэй байгууллагатай нэгтгэх, бүтцийн өөрчлөлт хийх асуудлыг холбогдох яам, агентлаг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт даалгаж, 2022 оны наймдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …