Монгол Улсыг сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан соёл урлаг, спорт, шинжлэх ухааны салбарын иргэн, баг, хамтлагт шагнал олгоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Соёлын сайд Ч.Номин “Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулсан иргэн, баг, хамтлагт Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагнал олгох журам”-ыг танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. 

Ингэснээр төрийн тодорхой туслалцаа дэмжлэггүйгээр, өөрийн хүч чармайлтаар Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулсан соёл урлаг, спорт, шинжлэх ухааны салбарт харьяалагдах Монгол Улсын иргэн, баг, хамтлагт Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг журамд үндэслэн олгохоор болж байна. 

Журамд зааснаар, өөрийн хүч чармайлтаар Монгол Улсын олон улсад сурталчлан таниулсан байх, соёл, спорт, шинжлэх ухааны амжилт, үр дүн гаргасан, тус үр дүнгээр Засгийн газраас баталсан салбарын шагнал аваагүй байх, өөрийн санаачилгаар соёл, спорт, шинжлэх ухааны амжилт, үр дүнгээ сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр дотоод, гадаадад арга хэмжээнд оролцсон байх, Монгол Улсын эдийн засаг, нийгэмд бодитой үр ашиг өгөх эсхүл хүүхэд, залуучууд, хойч үедээ үлгэр дуурайлал болсон байх зэрэг шаардлага тавигдаж байгаа юм. 

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин“Сүүлийн жилүүдэд төрөөс тодорхой дэмжлэг, туслалцаа үзүүлээгүй боловч Монгол Улсын иргэд өөрийн хүч чармайлтаар Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой, гойд гавьяа байгуулж, үнэтэй хувь нэмэр оруулж байна. Олон улсын зэрэглэлийн томоохон хэмжээний уралдаан, тэмцээнд оролцож, амжилт гаргаагүй боловч соёл урлаг, спорт, шинжлэх ухааны салбарт авьяас чадвар, мэдлэг туршлагаараа дэлхийд гайхагдаж байгаа олон жишээ байна. Тухайлбал, соёл урлагийн салбарт уран бүтээлчид тэргүүлэх чиглэлийн театр, тоглолтын тайзнаа уригдан мэргэжлийн өндөр түвшний гүйцэтгэлтэйгээр уран бүтээлээ туурвиж, тамирчид мэргэжлийн бокс, мэргэжлийн сүмо бөх, мэргэжлийн холимог тулааны спортын төрөлд улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөж байна. 

Олон эрдэмтэд шинжлэх ухааны салбарт сонирхолтой олон нээлт хийж, төсөл хөтөлбөрийг амжилттай туршиж байна. 

Соёл урлаг, спорт, шинжлэх ухааны салбарт амжилт гаргаж байгаа иргэд нь Монгол Улсын нэрийг гадаад улсад таниулах сурталчилгааг өндөр түвшинд гүйцэтгэж, улс орнуудын дипломат харилцаанд гүүр болж, аялал жуулчдын бүтээгдэхүүн бий болгох, эх орондоо хөрөнгө оруулалтыг татахад тодорхой хувь нэмрийг оруулж байна гэж үзэж байна. 

Монгол Улсын иргэдийн дэлхийн түвшинд үзүүлж байгаа амжилт, түүнийг дэмжин урамшуулах нь Монгол Улсын төрөөс дэвшүүлж буй үндэсний нэгдмэл үнэт зүйл, үндэсний бахархлыг бий болгоход хувь нэмрээ оруулна гэж харж байна. 

Иймд өөрийн хүч чармайлтаар Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулсан соёл урлаг, спорт, шинжлэх ухааны салбарт харьяалагдах Монгол Улсын иргэн, баг, хамтлагт Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагнал олгохоор шийдвэрлэсний дагуу журмын төслийг боловсруулж, хэлэлцүүлсэн” гэлээ.

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …