УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.07.05/ хуралдаанаар Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын 1976 оны конвенцид 2008 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Иргэд олон нийтээс Зам, тээврийн хөгжлийн яамны ажил, Дарханы замтай холбоотой маш их гомдол, санал ирж байна. Энэ хэзээ эхэлсэн төсөл билээ, хэдэн жил үргэлжилж байна. Энэ ажилд хэчнээн төгрөгийн зардал гарав. Төсөл хэрэгжүүлэх мөнгийг гүйцэтгэгч нь аваад алга болчихсон. Тэгээд шүүхээр шийдүүлэх гээд хугацаа алдаад дахин төсөв гарган ажлыг явуулж байгаа гэсэн яриа байна. Энэ зам хэзээ ашиглалтад орох юм бэ” гэж асуув.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ” Замын бүтээн байгуулалтын ажил Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийгдэж байгаа. Азийн хөгжлийн банкны хоёр, дөрөвдүгээр багцын хувьд хүндрэлтэй асуудал байгаа нь үнэн.
2019 онд зарласан тендерт орсон хоёр компани нь ажлаа хийхгүй байсан учраас бид 2020 онд гэрээг нь цуцалсан. Тэгээд 2021 оны есдүгээр сард хоёр, дөрөвдүгээр багцын гүйцэтгэгчийг шинээр тодруулсан. Хоёрдугаар багцын ажил бололцооны явж байна. Есдүгээр сарын 15 гэхэд хатуу хучилт дуусчихна. Дөрөвдүгээр багцын хатуу хучилтыг 10 дугаар сарын 30 гэхэд дуусгана. Гэрээгээр 2023 оны аравдугаар сард дуусах ёстой ч хоёр, дөрөвдүгээр багцын ажлыг дуусгахаар шахаж байгаа. Одоо чимхлүүр ажлуудыг 2023 онд хийхээр төлөвлөж, хатуу хучилтаа энэ ондоо дуусгахаар зохион байгуулалт хийгээд явж байна. Энэ жил нэг, дөрөв, тавдугаар багцуудыг дуусган дөрвөн урсгалтайгаар нээнэ” гэсэн хариулт өгсөн юм.