Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны үнийн өсөлтийг сааруулах зорилгоор газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч ОХУ-ын Роснефть компанитай хэлцэл хийж 4,5,6 дугаар саруудад нийлүүлэх 120 мянган тонн Аи-92 автобензиний хил үнийг тонн тутамд 840 ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрсэн.
Улмаар энэ оны долдугаар сард тус компанитай дахин хэлцэл хийсний үр дүнд энэ оны 12 дугаар сарыг дуустал Аи-92 автобензиний үнийг тонн тутамд 830 ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрсэн юм. Ингэснээр 1 литр бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг 3728 төгрөгөөс 1338 төгрөгөөр бууруулж литр тутмыг 2390 төгрөгийн үнээр 2022 оныг дуустал тогтвортой байлгах боломж бүрдсэн.
Иймд Аи-92 автобензиний жижиглэнгийн үнийн цаашдын өсөлтөөс сэргийлэх зорилгоор гаалийн албан татварын хувь хэмжээг “0” хувиар мөрдөх хугацааг “Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 161 дүгээр тогтоолын 1 дэх заалтад 2022 оны 08 дугаар сарын 1-ний өдөр хүртэл гэж байсныг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгахаар боллоо.