Төмөр замын дээд сургууль 2022-2023 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлт зарласантай холбогдуулан тус сургуулийн захирал У.Мягмарсүрэнтэй ярилцлаа.
-Хичээлийн шинэ жилдээ нэмэлт элсэлт зарлажээ. Яагаад нэмэлт элсэлт авахаар болов?
Төмөр замын дээд сургууль /ТЗДС/ 2022-2023 оны хичээлийн жилийн бакалаврын есөн хөтөлбөрөөр элсэлт авч байгаа. Гэхдээ энэ жил арай өвөрмөц байдлаар зохион байгуулж байна. Өмнө нь хөтөлбөр бүрээр нь элсэлт авдаг байсан бол энэ жил есөн хөтөлбөрөө гурван бүлэгт хуваасан. Өөрөөр хэлбэл, Зам, хөдлөх бүрэлдэхүүний инженер гэсэн бүлэгт Зүтгүүрийн аж ахуй, Вагоны аж ахуй, Замын аж ахуй, Төмөр замын машин ашиглалт гэсэн хөдөлгөөнтэй холбоотой дөрвөн хөтөлбөр багтаж байгаа. Харин Дохиолол холбоо, цахилгааны инженер бүлэгт Төмөр замын автоматик ба телемеханик холбоо, Цахилгаан хангамж гэсэн хоёр хөтөлбөр. Үлдсэн Төмөр замын тээврийн удирдлага, менежмент эдийн засаг бүлэгт Төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт, Менежмент, Тээвэр эдийн засаг гэсэн гурван хөтөлбөр багтсан. Энэ нь ямар учиртай вэ гэхээр бүгд нэгдүгээр курстээ нийтлэг ерөнхий суурь ойлголтуудыг өгөх хичээлүүд байдаг. Тэгээд хоёрдугаар курсээсээ сурлага, онооны жагсаалтаараа тухайн хүүхэд өөрийн үзэх хөтөлбөрөө сонгоод явна. Өнөө жилийн хувьд дөрвөн жилийн бакалаврын 380 хүүхдийг элсүүлэхээр болж УБТЗ-ын Хүний нөөцийн албаар хянуулж, Замын Удирдлагын асуудал эрхэлсэн орлогч даргаар батлуулсан. Өмнөх жилүүдээс энэ жилийн квот илүү байгаа. Яагаад гэхээр, өмнө зөвхөн УБТЗ-д л ажилтан бэлтгэдэг байсан бол одоо төмөр замын маш олон компани бий болсон. Шинэ төмөр замууд баригдаж байна. Монгол Улсад төмөр замын боловсон хүчин бэлтгэдэг мэргэжлийн цорын ганц сургууль нь манайх шүү дээ. Тэгэхээр бид элсэлтийн тоогоо нэмж батлуулах шаардлагатай болсон. Зам, тээврийн хөгжлийн сайд дөрөвдүгээр сарын 18-нд манай сургуульд ирэхдээ “Төмөр замын мэргэжлийн боловсон хүчнийг зөвхөн танай сургуульд бэлтгэнэ. Шинээр барьж буй төмөр замуудын ажил тогтворжоод ирэхээр боловсон хүчин зайлшгүй шаардлагатай болно. Өнөөгийн байдлаар төмөр замын мэргэжилтэй ажилтан 7000 хэрэгтэй. Тиймээс энэ хэмжээний ажилчдыг богино хугацаанд сургах шаардлагатай байна” гэсэн үүрэг чиглэл өгсөн. Үүний дагуу бид илүү квотуудыг авч нэмэлт элсэлт зарлаж байгаа юм.
-Нэмэлт элсэлтийг хэдэн хүртэл авах вэ?
Наймдугаар сарын 8-19-нийг хүртэл цахимаар болон танхимаар бүртгэж байна. Тэгээд 21-нээс бид хуваарь олголтоо хийнэ.
-Бүх хөтөлбөр дээрээ элсэлт зарласан уу?
Тиймээ, дээр хэлсэн есөн хөтөлбөрөөр авна. Үүнээс гадна УБТЗ ХНН бусад байгууллагыг бодвол өвөрмөц онцлогтой шүү дээ. ОХУ-д бас боловсон хүчнээ захиалгаар бэлтгэн хамтарч ажилладаг. Үүнтэй холбоотойгоор манай сургууль ОХУ-ын Эрхүүгийн зам харилцааны их сургуультай 2+3 хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ нь хоёр жил ТЗДС-д сураад Эрхүүгийн зам харилцааны их сургуульд очиж гурван жил суралцдаг. Мөн БНХАУ-ын Бугатын төмөр замын коллежтой 3+2 хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ нь тус коллежид очин гурван жил тэтэглэгтэй сурч ирээд ТЗДС-даа хоёр жил сурна. Коллежийн ч, дээд сургуулийнхаа ч дипломтой болно гэсэн үг. Энэ хоёр хөтөлбөр дээр ч нэмэлт элсэлт зарласан байгаа.
-Мөн УБТЗ-даа одоо ажиллаж буй техникчид мэргэжлээ ахиулахаар бакалаврын хөтөлбөрт суралцдаг шүү дээ. Энэ элсэлтийг хэзээ авах вэ?
Одоо ажиллаж буй сурахыг хүссэн техникчдэд зориулж бид таван хөтөлбөрөөр элсэлт авна. Харин элсэлтийн тов хугацаагаа 20-д гаргаад зарлана. Дараа нь, төмөр замын бусад чиглэлээр бакалаврын мэргэжил эзэмшсэн ч сурахыг хүссэн, мөн УБТЗ-аас бусад төмөр замын байгуллагуудын захиалгаар сургах элсэлтийг бас таван хөтөлбөр дээр зарлана.
– Бакалаврын хөтөлбөрт шинэ элсэгч ямар хичээлээр шалгалт өгсөн, ЭЕШ-ын босго оноо нь хэд байх ёстой вэ?
Энэ жил ковидтой холбоотойгоор маш уян хатан, том боломж олгож байгаа. Өнгөрсөн жил ТЗДС-д элсэх босго оноо 480 байсан. Математик, физик хоёроор шалгалт өгсөн байх гэсэн чиглэл өгдөг байсан бол энэ жил энэ хоёр хичээлийн аль нэгээр нь 440-өөс дээш оноо авсан байх. Харин хоёр дахь нь ямар ч хичээлээр өгч энэ онооны босгыг давсан байж болно. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд БШУ-ны сайдын босго оноо тогтоох тухай А/138 тушаал гарсан шүү дээ. Уг тушаалд их сургуульд 480, дээд сургуульд 440, коллежид 400, орон нутгийн их, дээд сургуульд 410 байхаар тусгасан. Бид энэ тушаалыг баримтлан ажиллаж байгаа. Энэ нь, шалгалт өгсөн хүүхдүүдэд боломж нь харьцангуй нээгдэж байна гэсэн үг.
– Төмөр замын мэргэжлийн онцлогоос шалтгаалж танай сургууль зарим хөтөлбөртөө эрэгтэй, эмэгтэй гэж хүйс зааж авах шаардлага гардаг. Зарим мэдээллээс харж байхад энэ жил эрэгтэй хүүхдүүдийн ЭЕШ-ын оноо бага байна гэх юм. Танай сургуульд эрэгтэй хүүхэд хэр ирж байна вэ?
Төмөр замын салбарт ажлын онцлогоосоо хамаараад эрэгтэй ажилтны эрэлт хэрэгцээ их байдаг. Гэвч элсэх хүсэлтэй, өндөр оноо авсан эмэгтэй хүүхдийн тоо маш их байна. Хүйс заадаг учраас бид тэдгээр хүүхдийг элсүүлэх хэцүү шүү дээ. Ер нь, босго оноог давсан эрэгтэй хүүхэд тун цөөн ирж байна. Миний ажигласнаар ЭЕШ-ыг хоёр удаа авна гээд эрт зарласан болохоор ихэнх эрэгтэй хүүхдийн идэвх суларсан юм шиг санагдсан. Өмнө нь ганцхан удаа авдаг байхад бүгд л хичээдэг, маш их бэлтгэдэг байсан. Хэрэв тэнцэхгүй бол нэг жил алдах болохоор тэр. Гэтэл одоо болохоор “Тэнцэхгүй бол дахиж өгөөд оноогоо ахиулчих юм чинь” гэх хандлага байна. Ковидын үед цахимаар хичээллэхэд эрэгтэй хүүхдүүд тоглодог ч юм уу хичээлээ бүрэн авч чадаагүй тал ч бий байх. Гэхдээ энэ миний л ажиглалт шүү. Нөгөө талаар өмнө нь бид зөвхөн УБТЗ-ынхаа боловсон хүчнүүдийг бэлтгэдэг байсан болохоор элсэлтийн мэдээлэл улс даяар дутуу хүрсэн байх. Одоо бол Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг барьсан, цаашлаад баруун, зүүн босоо тэнхлэгийн гэхчлэн олон шинэ төмөр зам барихаар эхэлж байна. Төмөр замын олон ч компани бий боллоо. Үндсэндээ төмөр замын салбар илүү хөгжих нөхцөл нь бүрдлээ. Тиймээс Монгол орны хаанаас ч төмөр замын сургуульд элсэж, аль ч төмөр замд ажиллах боломжтой болсон. Гэвч энэ бүхэнд бид мэдээллээ бүрэн хүргэж чадахгүй байна уу даа гэж харж байгаа.
– Тэгэхээр нэмэлт элсэлтээр дандаа эрэгтэй хүүхэд авна гэж ойлгож болох уу?
Эмэгтэй хүүхдийн квот цөөн бий. Харин эрэгтэй хүүхдийнх бол олон байгаа. Тухайлбал, Зүтгүүрийн аж ахуй, зам барилга, машин ашиглалт, цахилгаан хангамж гэхчлэн хөтөлбөрүүд дээр нэмэлт элсэлт авна.
– Бусад сургуулиас танай сургуулийн давуу тал нь юу вэ?
ТЗДС-ийг төгслөө л бол ажлын байр нь бэлэн, мэргэжлүүд нь эрэлт ихтэй байдаг шүү дээ. Мөн сурч байх хугацаанд дадлага хийх бааз сайтай. Сургуульдаа сургалтын полигонтойгоос гадна төмөр замын мэргэжлийн ажлын байрууд ойрхон. Суралцангаа дадлага хийх нөхцөл нь бүрдсэн. Тэгэхээр энэ бол маш том давуу тал. Цаашид төмөр замын сүлжээ өргөжин тэлэх тусам төмөр замын мэргэжилтэй боловсон хүчин улам эрэлттэй болно. Харин манай сургуулийн төмөр замын мэргэжлийн хөтөлбөрүүдийг тэргүүлэх чиглэл рүү оруулж өгөхийг ЗТХЯ-ны төмөр замын салбар хариуцдаг хүмүүст уламжилсан. Учир нь, “Тухайн цаг үедээ хамгийн эрэлттэй байгаа мэргэжлийг тэргүүлэх чиглэл гэнэ” гэж заасан байдаг. Хэрэв тэргүүлэх чиглэлд орчихвол элсэгчдийг Засгийн газраас бодлогоор дэмждэг. Өөрөөр хэлбэл, зээл тусламж, сургалтын төлбөрийн хөнгөлөлт зэрэгт хамрагддаг. Эдийн засаг хүндрэлтэй энэ үед сургалтын төлбөргүй оюутан олон байгаа шүү дээ. Мөн дунд сургуулиа төгсөөд мэргэжил эзэмшилгүй төмөр замд ажилласан хүмүүсийг манай сургууль ЭЕШ-гүй учир элсүүлэх боломжгүй байдаг. Элсэхийг хүссэн олон хүн байна. Тэргүүлэх чиглэлд бол дунд сургуулиа төгсөөд тухайн мэргэжлээр нь гурваас дээш жил ажилласан бол бакалаврын хөтөлбөрт ЭЕШ-гүй оруулна гэсэн заалт бий болсон. Тиймээс бид ялангуяа хөдөлгөөнтэй холбоотой мэргэжлүүдийг нэн тэргүүнд тэргүүлэх чиглэлд оруулах шаардлагатай байгаа.
– Энэ жил танай сургуулийн төлбөр нэмэгдсэн үү?
Төлбөр нэмээгүй. Ер нь, манай сургуулийн төлбөр бусад их дээд сургуулиас хамгийн бага байдгийг та бүхэн мэдэх байх. Нэг кредит нь 71400 төгрөг шүү дээ. Тухайн оюутан дөрвөн жил суралцахад 120 кредит цуглуулах ёстой. Дундаж нь жилд 30 кредит гэж үзвэл манай нэг жилийн төлбөр 2.1 орчим сая төгрөг л болдог. Үүнийхээ нэг саяыг нь намар хичээл сонгоод, үлдсэнийг дараагийн улиралд ч юм уу төлж болно. Бусад сургуулийнх 2.8 сая төгрөгөөс дээш байдаг юм билээ. Манай хувьд алдагдалд ороод байгаа учраас төлбөрөө нэмье гэдэг байр суурийг төмөр замынхаа удирдлагуудтай ярилцсан. Гэвч Засгийн газрын энэ оны гуравдугаар сарын 22-ны тэмдэглэл, наймдугаар сарын 10-нд БШУ-ны сайдад өгсөн чиглэлээр “Их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмж болохгүй” гэсэн байна. Тэгэхээр алдагдалтай ч бид төлбөрөө нэмэх боломжгүй болж байна.
Нөгөө талаар манайх зарим сургуулиас давуу тал нь 240 оюутны дотуур байртай шүү дээ. Эндээ нэн тэргүүнд нэгдүгээр курсын оюутнуудыг авч, өрөө үлдвэл хоёр, гуравдугаар курсынхныг авдаг.
– Төгсөөд ажлын байр нь бэлэн байдгаараа онцлогтой гэлээ. Тэгвэл энэ хаврын төгсөгчид хэдэн хувь нь ажлын байртай болсон тухай судалгаа бий юу?
Өнгөрөгч хавар төгссөн оюутнуудын судалгааг бүрэн авч дуусаагүй байна. Бид төгссөнөөс хойш зургаан сарын дараа судалгаа хийж үздэг. Ер нь 70-80 хувь нь ажилтай болдог. Үлдсэн нь үргэлжлүүлэн сурсан, гадаад уруу явсан байдаг юм.
-УБТЗ зарим дунд сургуульд чиглүүлэх сургалттай анги нээсэн шүү дээ. Тэдгээр ангийг төгссөн хүүхдүүд бүгд төмөр замын сургуульд элсэж байна уу?
-Дархан хотын 18, Улаанбаатар хотод “Ган зам” 20, 73, Замын-Үүд сумын I, Сайншанд хотын III сургуульд уг анги бий. Эдгээр ангийг төгссөн хүүхдүүдийн ЭЕШ-ын оноо тэнцсэн бол өөрсдийнх нь сонирхлын дагуу дуртай ангид нь бид элсүүлдэг. Оноо тэнцээгүй хүүхдийг нь Политехникийн коллежийнхоо мэргэжлийн боловсролын нэг жил, эсвэл гурван жилийн сургалттай техникчийн сонирхсон ангид нь авдаг. Тэндээ сурангуут нь дамжуулаад бакалаврын сургалтдаа элсүүлдэг журамтай. Эдгээр ангийг 2020-2021 оны төгсөгчдөөс гэхэд ОХУ уруу 21 хүүхэд тэтгэлэгт хамрагдаад суралцаж байна. Энэ жилийн төгсөгчдөөс хэдэн хүүхэд явах нь хараахан тодорхой болоогүй байгаа. Хүүхдүүд хүсвэл төмөр замын гүнзгийрүүлсэн сургалттай ахлах ангид орж болно. Энэ ангид сурснаараа тухайн хүүхдэд “Би ямар ч байсан ТЗДС-д орно” гэсэн итгэл найдвар төрнө шүү дээ. Тиймээс бид орос хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалтуудыг явуулдаг. Эдгээр ангийг нь УБТЗ-аас тохижуулж өгсөн. Мөн багш нарт нь ч урамшуулал олгодог. Энэ мэтчилэн төмөр замын эрэлттэй байгаа олон мэргэжилд боловсон хүчнүүдийг бэлтгэхийн тулд олон давуу талыг бий болгон ажиллаж байна даа.
– Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье!
Ярилцсан: М.Наранболд