Ч.Номин: Засгийн газар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг баталлаа

Засгийн газрын өнөөдрийн (2022.08.24) хуралдаанд Соёлын сайд Ч.Номин Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээний талаарх тогтоолын төслийг танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар батлууллаа. 

Ингэснээр Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлэх, бүтээлч авьяасыг инновац шингэсэн нөхөн сэргээгдэх нөөц болгох зорилгоор “Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл (2022-2027)”-ийг: 

1.1.кино, дуу дүрсний урлаг;

1.2.дүрслэх урлаг;

1.3.дуу, хөгжим;

1.4.хувцас загвар;

1.5.дижитал контент, тоглоом хөгжүүлэлт;

1.6.утга зохиол, ном хэвлэл гэж батлав.

Мөн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих арга хэмжээний /2022-2032/ төлөвлөгөөг баталж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөг жил бүрийн улсын хөгжлийн төлөвлөгөөнд тусгаж, шаардагдах хөрөнгийг улсын төсөв, бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгав.

Засгийн газрын хуралдааны дараа Соёлын сайд Ч.Номин Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлого, тэргүүлэх чиглэлийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Соёлын сайд Ч.Номин“Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг баталсантай холбогдуулан Та бүхэнд мэдээлэл хүргэе. 

Бид соёлын салбарын хөгжлийг бүрэн зураглалаар нь харахын тулд 2021 онд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгааг хийж дуусгасан. Анх удаагаа олон улсын стандартын дагуу, ЮНЕСКО-гийн соёлын статистиктай нийцүүлэн салбарынхаа цар хүрээг, хүн хүчийг, соёлын нөөцийн өнөөгийн байдлыг тодорхойлсон. 

ЮНЕСКО-гоос хийсэн судалгаагаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар жил бүр 2,2 их наяд ам.долларын орлого олж, 30 сая орчим хүнийг ажлын байраар хангаж, экспортын нийт орлого нь 253 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь нүүрсний зах зээлээс 3.2 дахин том зах зээлийг соёлын салбар үүсгэж байна гэсэн үг. 

Харин өнөөдрийн байдлаар Монгол Улсын соёлын салбар 70 гаруй мянган ажиллах хүчнийг шингээж, ДНБ-ий 1.3 хувийг буюу 481 тэрбум төгрөгийн зах зээл бий болгож байгаа. Энэ бол зөвхөн эдийн засаг талаас харсан тоо. 

Өөрөөр хэлбэл, соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдэг бол зөвхөн эдийн засгийн ухагдахуун бус монголчууд бидний шавхагдашгүй соёлын нөөцийг хүний төрмөл авьяас билгийг эрх зүй, санхүү, дэд бүтэц, техник технологитой хослуулах замаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, Монгол хүн, монгол бүтээлийг дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж харж байгаа. 

Бид энэ суурь судалгаандаа үндэслэн 12 үндсэн чиглэлд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх боломжтойг тодорхойлсон байдаг. 

Үүнээс дэлхийн чиг хандлага, олон улсад өрсөлдөх чадвар, өөрийн орны нөөц боломжийг харгалзан, олон улсын зөвлөхүүдтэй хамтран ажиллаж, Кино, дуу дүрсний урлаг, Дүрслэх урлаг, Дуу, хөгжим, Хувцас загвар, Дижитал контент, тоглоом хөгжүүлэлт, Утга зохиол, ном хэвлэл гэсэн 6 тэргүүлэх чиглэлийг 8 бодлого, арга хэмжээний хүрээнд дэмжин хөгжүүлэхээр өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар батлууллаа.

Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн бие даасан салбар болгох зорилтыг хангаснаар дотоодын нийт бүтээгдэхүүнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эзлэх хувийг 2027 онд 4 хувьд хүргэхээр зорьж байна. 

Засгийн газрын хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл батлагдаж байгаатай холбогдуулан удахгүй Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа. 

Ингэснээр Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлого шинжлэх ухаан, технологийн зэрэг олон салбартай харилцан уялдаатай “Бүтээлч эдийн засаг” бий болгох, Монгол Улсын эдийн засгийг солонгоруулахад гол чухал салбар болж чадна гэсэн алсын хараатай байгаа” гэлээ.

Санал болгох мэдээ

А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …