Монгол Улсын Зэвсэгт хүчин дахин нэг рейнжертэй боллоо

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 6 дахь рейнжер төрлөө. Энэ оны наймдугаар сард Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын харьяа дугаар ангийн ахлах ахлагч Хүрэлбаатарын Эрдэнэдаваа Монгол Улсын 6 дахь рейнжер болж чадав.

Түүнтэй АНУ-ын Рейнжерийн сургуулийн сорилтуудын тухай, хэрхэн давж гарсан тухай ярилцсанаа хүргэе.


АНУ-ын Рейнжерийн сургуулийг амжилтай төгссөнд тань баяр хүргэе. Сургуульд хамрагдахын тулд өөрийгөө өмнө нь бэлтгэж байв уу?


-Баярлалаа. Тусгай хүчний цэргийн командлалаас “АНУ-ын Рейнжерийн сургуулийн хуваарь ирсэн. Та өөрийгөө тэнцэнэ гэж бодож байна уу, оролцох уу” гэсэн санал дэвшүүлэхэд нь дуртайяа зөвшөөрсөн. Хэлний бэлтгэлгүйгээр өнгөрсөн 4 дүгээр сард рейнжерийн өмнөх сургалтад хамрагдсан.

Шаардлагатай гэж үзвэл хэлний бэлтгэлд хамрагдах боломжтой л доо. Харамсалтай нь рейнжерийн өмнөх сургалтад хамрагдаж байхдаа хөлийн хуруугаа гэмтээж, арга буюу завсарлага авч, эмчлүүлсэн. Хэрэв бага хэмжээний гэмтэлтэй бол завсарлага авч, эмчлүүлээд дараагийн сургуульд нь хамрагдах боломжтой гэсэн үг. Ингээд 6 дугаар сарын дунд үеэс 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 62 хоногийн хугацаатайгаар АНУ-ын Рейнжерийн сургуулиа амжилттай дүүргэж, төгссөн.

Мэдээж сургуулийн сорилтууд маш хүнд гэлцдэг, төгсөхөөсөө илүү унах нь олон гэдэг шүү дээ…
-Тэгэлгүй яах вэ. АНУ-ын цэргийн алба хаагчдаас гадна гадаад орны 7 оюутан байсан. Монгол, Колумб, Катар, Филиппин, Тайланд гээд. Тэдгээр гадаад орны цэргийн алба хаагчдаас амжилттай төгсөж чадсан нь миний бие. Нэг нь давтан сургалтад хамрагдаж, бусад нь нутаг нутаг руугаа буцсан. Мэдээж дэлхийн орнууд шилдгийн шилдэг гэсэн цэргийн алба хаагчдаа илгээсэн ч сорилтуудыг нь давж төгсөнө гэдэг хамгийн хэцүү. Америк цэргүүдийн гэхэд 60 хувь нь төгсөж чаддаг юм билээ. Надад бол төгсөхөөс өөр зам байгаагүй.

Нэгдүгээрт, эх орон, Зэвсэгт хүчний удирдлагын өгсөн итгэл. Хоёрдугаарт, дараа дараагийн залгамж халааныхаа замыг нь хаачихгүй юм сан гэдэг хариуцлага. Хэрэв тухайн орноос ирсэн цэргийн алба хаагчид сорилтдоо унаад байвал дараа дараагийн элсэлт авахаа зогсоодог хатуу дүрэмтэй.

Сургуулийн сорилтуудын онцлогоос дурдахгүй юу?

-Гурван үе шаттайгаар явагддаг. Үүний өмнө шаардлагатай гэж үзвэл хэлний бэлтгэлд, үргэлжлүүлээд рейнжерийн өмнөх сургалтад заавал хамрагдана. Нэгдүгээр үе шатад нам дор газарт тасгийн тактик, жижиг бүлгээр үүрэг гүйцэтгэнэ. Хоёрдугаар үе шатад хад хавцал уулархаг газар районд салааны түвшинд үүрэг гүйцэтгэнэ. Гуравдугаар үе шатад намаг, усанд байлдааны ажиллагааг удирдан явуулах салааны түвшинд үүрэг гүйцэтгэнэ. Энэ хугацаанд алдаа гаргавал хасагдана. Ялангуяа, сум алдах, аюулгүй ажиллагааны дүрмийг ноцтой зөрчих, сахилга, хариуцлагын алдаа гаргавал хасагдана.
Бүлэг, тасгаар үүрэг гүйцэтгэж байгаа учраас багийн ажиллагаа хамгийн чухал. Тэр багийн амжилтыг хойш татаж, алдаа гаргахгүйн төлөө цэргийн алба хаагчид хүн нэг бүрийн үүргээ мадаггүй биелүүлэх гэж маш их уйгагүй хичээнэ. Өдөрт дунджаар хоёр цаг л унтдаг гээд бодохгүй юу.

-Танд хамгийн хэцүү санагдсан даалгавар нь юу вэ?
-АНУ-ын Жон Кеннедигийн нэрэмжит Тусгай хүчний сургуулийн Ахлагчийн дамжааг 2018-2019 онд төгссөн маань их туршлага боллоо. Юу гэхээр энэ дамжаагаар АНУ-ын цэргийн тактик, жижиг бүлгийн талаар суралцсан учраас дөхөмтэй байсан гэж хэлж болно. Мэдээж сорилт бүр хүнд бөгөөд хамгийн амаргүй нь гэвэл уулархаг газар районд үүрэг гүйцэтгэх бас нойр, хоолгүй явах нь байлаа. Нөгөө талдаа сургуульд хамрагдаж байгаа цэргийн алба хаагчдын дундаж нас 22-24 байдаг юм байна. Миний хувьд 30 нас дөнгөж гараад энэ сургуульд хамрагдсан болохоор хөгшин оюутандаа орж байсан шүү.

-Зүүн мөрөн дээрээ рэйнжер тэмдгээ зүүлгэж байхдаа юу бодогдож байв?
-Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид дэлхийн аль ч орны цэргийнхнээс дутахгүй гэдгийг л харуулахыг зорьсон. Зорилго минь биелсэнд маш их баяртай байна. Намайг дэмжиж явуулсан Зэвсэгт хүчний Жанжин штаб, Тусгай хүчний цэргийн командлал, ангийн удирдлагадаа талархаж байна. 2021 онд АНУ-ын Рейнжерийн сургуулийг амжилттай дүүргэж, надад харамгүй зөвлөгөө өгсөн онжав болох сургагч ахлагч А.Мөнгөншагай, ахмад Г.Жавхлантөгс хоёртоо ч баярлаж байна.
Төгсөлтийн баяр дээр “Монгол цэрэг Хүрэлбаатар” гээд эх орноороо, бас аавынхаа алдраар дуудуулж зогссон нь юутай ч зүйрлэшгүй бахархам агшин байлаа. Монгол Улсын Зэвсэгт хүчний 6 дахь рейнжер бөгөөд хоёр дахь рейнжер ахлах ахлагч болж чадсандаа баяртай байна.

-Зэвсэгт хүчнийхээ эгнээнд хэзээ элсэж байсан бэ?
-2009-2010 онд ҮБХИС-ийн Ахлагчийн сургуулийг төгсөж, ажлын гараагаа Зэвсэгт хүчний 330 дугаар ангиас эхлүүлсэн. Энэ хугацаанд 2018-2019 онд АНУ-ын Жон Кеннедигийн нэрэмжит Тусгай хүчний сургуулийн Ахлагчийн дамжаа, АНУ-ын Шүхэр десантын дамжаа, 2021 онд АНУ-ын Шүхрийн хэт өндрийн чөлөөт уналтын дамжааг тус тус төгссөн. Зэвсэгт хүчинд 13 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна.
-Таны залгамжийг авах залуус хэр олон байна гэж хэлэх вэ?
-Олон гэдэгт итгэдэг. Монгол цэргийн гайхамшигт түүх энх цагт ч гүйцэтгэж буй үүрэг, тэсвэр хатуужил, эр зоригоороо давтагдаж байх ёстой. Бэлтгэгдсэн цэргээс илүү хүчтэй зэвсэг гэж байхгүй гэдэг шүү дээ. Түүн шиг залуу офицер, ахлагч нар өөрийгөө шат дараатай бэлтгэж, ажил албандаа ур чадвар, хүсэл тэмүүлэл, зорилго чиглэл, идэвх оролцоогоороо манлайлах ёстой.

Санал болгох мэдээ

Нүүрсний хууль бус орлогыг Оросоор дамжуулан авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Р.Базарааг шалгахаар баривчилсан гэв үү?

“Алтай хүдэр” ХХК-ийн эзэн “Баян” гэх Р.Базарааг өнөөдөр /2024.04.15/ өглөө Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид …