Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургууль Баянхонгор аймагт 09 дүгээр сарын 05-наас 10-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.
Баянхонгор аймагт зохион байгуулагдсан тус сургууль нь академик онолын сургалтаар Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төв, гэнэтийн ослын удирдлагын систем, олон нийттэй харилцах технологи, агаарын ажиллагаа, химийн хорт бодис алдагдсан үеийн хариу арга хэмжээ, олноор бэртэж гэмтсэн хүмүүстэй ажиллах ажиллагаа, нэн дэд бүтэц, эмэгтэйчүүд, аюулгүй байдал, олон улсын хүмүүнлэгийн тусламжийн зарчим зэрэг сэдвийг судлаж, газар хөдлөлт тохиолдсон тухай хийсвэр цагийн байдлаар ширээний дасгал сургууль, туршлага солилцох хэлэлцүүлэг, хээрийн хөдөлгөөнт эмнэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, химийн хорт бодисын хор уршгийг арилгах ажиллагаа, газар хөдлөлтийн голомтод эрэн хайх, аврах ажиллагаа зэрэг сургалт, дадлагыг цогцоор нь зохион байгуулсан юм.
Тус дадлага сургуулийн хаалтын ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ, “Сургалтад оролцсон та бүгдийн гамшгаас хамгаалах мэдлэг дээшилсэн гэдэгт итгэлтэй байна. Гамшгийн голомтод зөвхөн онцгой байдлын байгууллага үүрэг гүйцэтгэх биш олон байгууллага өөрийн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах ёстойг энэ удаагийн сургалтаар дахин ойлгож, хамтын ажиллагааг бататгасан байх.
Бид гамшгийн нөхцөл байдал үүсээгүй тайван цагт хэдий чинээ олон удаа сургалт, дадлага хийх нь гамшгийг хохирол багатай даван туулах боломжийг бүрдүүлнэ.
Тиймээс Монгол Улсын Засгийн газраас улс орны гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх ажлын цөм болсон хүний нөөцийг сургаж, дадлагажуулах, мэргэшүүлэхэд ихээхэн анхаарч олон улсын туршлага судлах, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлого баримталж байна.
Зөвхөн мэргэжлийн хүч хэрэгслийг сургахаас гадна ард иргэдийг аюул, ослоос өөрийн амь нас, эрүүл мэндээ хамгаалах арга ухаанд сургаж, дадал болгох шаардлага нэн чухал байна.
Энхүү бодлогын хэрэгжилтийг хангахад “Говийн чоно” олон улсын сургууль чухал нөлөө үзүүлж байгаа гэдэгт итгэлтэй байна.
“Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах сургалт, дадлага, туршлага солилцох олон улсын сургуулиар манай оролцогч нар үндэсний болон орон нутгийн түвшинд Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвийг байгуулах, дотоод бүтэц зохион байгуулалтаар ажиллах, мэдээлэл солилцох, харилцан ажиллагаа зохион байгуулах, гамшигтай тэмцэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр туршлагаа хуваалцахаас гадна аврагч, гал сөнөөгч, эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар нэмэгдсэн үр дүнтэй боллоо цохон тэмдэглэхэд таатай байна” хэмээн онцоллоо.
Түүнчлэн олон улсын сургуулийг зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг-Номхон далайн хуурай замын цэргийн командлал, Аляскийн үндэсний гвардын удирдлага, бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Бангладеш, Вьетнам, Их Британи, Непал, Тайланд, Шинэ зеланд, Шриланк улсын төлөөлөл болон яам, агентлаг, хамтрагч байгууллагын оролцогч, Баянхонгор аймгийн удирдлага, иргэд, олон нийтэд талархал илэрхийллээ.
АНУ-ын Элчин сайдын яамны дэд тэргүүн Мэйтью Фэрэнс “Ийм өргөн цар хүрээтэй арга хэмжээг зохион байгуулахад хялбар биш гэдгийг би ойлгож байна. Та бидний, хүн нэг бүрийн хүчин чармайлтын үр дүнд ирээдүйд тохиолдож болох гамшигт бидний ойр дотны хүмүүс, хөрш улс орнууд илүү ихээр бэлтгэгдэж чадна. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газар болон оролцогч талуудад баяр хүргэе” гэлээ.
Энэ удаагийн “Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургуульд Монгол Улс, АНУ-ын талын зохион байгуулагч, сургагч багш нараас гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, яам, агентлаг, төрийн цэргийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, Өмнөговь, Өвөрхангай, Говь-Алтай, Дундговь, Завхан, Дархан-Уул аймаг, Нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч дарга, сургалт хариуцсан мэргэжилтэн, аврагч, Үндэсний аврах бригад, Агаараас эрэн хайх, аврах ангийн томилгоот бүрэлдэхүүн, Вьетнам, Их Британи, Непал, Тайланд, Шри Ланка, Шинэ Зеланд, Бангладеш улс, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, хүмүүнлэгийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 300 гаруй төлөөлөгч оролцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.