Ч.Даваабаяр: МҮОНТ-ийн уран бүтээлчид өөрсдөө шинэчлэлийг хүсэж байна

Даваабаяр(2)МҮОНТ-ийн захирлын албан тушаалаас хэдхэн хоногийн өмнө чөлөөлөгдсөн Ч.Даваабаяртай ярилцлаа.

 -Та залуу хүний хувьд МҮОНТ-ийн захирлаар томилогдоод хэр тулгамдаж байсан бэ, анх?

Би хэвлэл мэдээллийн салбарт ажиллаад 16 жил болж байна. Миний хувьд энэ нь шинэ салбар биш. Ялгаа нь, өмнө нь би хувийн хэвшлийн салбарт ажилладаг байсан. Эхлүүлсэн, эрхэлсэн радио, сонин, сэтгүүлээ аль алиныг нь амжилтад хүргэсэн. ETV-ийн захирал нь байлаа. Хувийн хэвшил бол асар их өрсөлдөөн дунд оршин тогтнох эсэхээ шийддэг хатуу ертөнц. Ажил эрхэлж буй бол бүхий л мэдлэг чадвараа дайчлахыг шаарддаг онцлогтой. Тиймээс олон нийтийн статустай, өөрийн гэсэн хуультай МҮОНТ-ийг удирдах болсон нь надаас мэдлэг чадварын зэрэгцээ ихээхэн үүрэг хариуцлага үүрүүлж буйг ухамсарласан. Мэдээж залуу хүний хувьд Монгол улсад төдийгүй олон улсад Монголын хэвлэл мэдээллийн нүүр царай болдог байгууллагыг удирдана гэдэг нь миний хувьд хувь тохиол, нэр хүндийн асуудал байсан. Би ийм л бодолтой энэ ажлыг хүлээж авсан. Монголын ууган телевиз гэх энэ том “айл”-ыг өнөөдрийг хүртэл сайн сайхан авч явж ирсэн инженер техникийн ажилтнууд, сэтгүүлч, найруулагч, арын албаны ажилтнууд, нийт уран бүтээлч хамт олноор би ямагт бахархдаг.

-МҮОНТ-ийн уран бүтээлчид, ерөнхий захирал нь хүртэл “Бид Ч.Даваабаяраас өмнө шинэчлэлийн ажлаа эхлүүлчихсэн байсан” гээд HD форматад шилжүүлэх ажил өөрсдийнх нь сэдсэн ажил гэж тайлбарласан байна билээ?

Бодож олоод байх юм байхгүй бид нарт дуу дүрснийхээ чанарыг сайжруулахад шаардлагатай хоёр ажил байсан. Намайг ажлаа авсан өдрөөс л МҮОНТ-ийн гаралт цацалт муу байна гэдэг гомдол маш их ирдэг байсан. Тиймээс энэ асуудал дээр бүтэн гурван сар ажилласан. Аймаг, сумдаар явж юунаас болоод ийм гомдол ирэх болсныг холбогдох газруудын мэргэжилтнүүдтэй нь хамтарч ажиллаж шалгасны үр дүнд асуудлыг шийдсэн. Одоо бол муу гарч байна гэсэн гомдол гарахаа больчихсон. Ийм болсон болохоор дараагийн хийх ажил бол дуу, дүрсээ сайжруулах явдал байсан. Бусад телевизтэй харьцуулахад манай дүрсний чанар муу байгаа. Үүнийг чанаржуулахын тулд миний хувьд HD формат руу шилжүүлэх ажлыг эхлүүлэх гэж байсан юм. Аливаа байгууллага богино болон урт хугацааны төлөвлөгөөний дагуу явдаг. МҮОНТ 2009-2013 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөний дагуу тоон технологид шилжиж дууссан. Гэвч өнөөгийн телевизийн салбарын хөгжил Монголд үйл ажиллагаа явуулж байгаа телевизүүдийн чиг хандлага үзэгчдийн сонирхол зэргээс авч үзэхэд HD форматруу шилжих нь үзэгчээ алдахгүй байх  хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд чухал нөлөөтэй юм. Технологийн шинэчлэлийг үр ашиггүйгээр дахин давтан хийх нь оновчгүй байгааг олж харан HD форматруу шилжихийг яаравчлуулсан. Ер нь бид  технологийн шинэчлэлийн төлөвлөгөөг шинэчлэхээс гадна үйл ажиллагааны арга хэлбэрээ шинэчлэх шаардлагатай болсон нь орчин үеийн медиа салбарын зах зээлийн шаардлага өрсөлдөөнөөс үзүүлэх нөлөө, үзэгчдийн мэдээлэл олж авах арга, сонирхолд зориулагдан үндсээрээ өөрчлөгдөж report publishing хэлбэрээс mass communication platform-д хэлбэрт шилжих шаардлагатай байна.

-Уран бүтээл, нэгдэл нь муу сайн байна уу хамаагүй төлөвлөсөн хугацаандаа нэвтрүүлэг  бэлтгэсэн бол тэр нь шууд гардаг. Үүнээс болж нэвтрүүлгийн чанарын асуудал яригдах болсон. Харин та үүнд томоохон өөрчлөлт хийхээр зэхэж байсан байх аа?

-Телевизэд шинэчлэх ажил их байна. Техник технологийн шинэчлэлийн зэрэгцээ уран бүтээлийн шинэчлэл хийх цаг болсон. Энэ үүднээс программд шинэчлэл хийхээр төлөвлөж байсан. Одоо мөрдөж буй туршлагаар, уран бүтээлчдийн өгсөн нэвтрүүлгийг л авч программаа баталдаг. Ирэх оны шинэчилсэн программын бодлогоор уран бүтээлчдээс юу өгснийг авах биш удирдлага нь бодлогоор программаа барьж, уран бүтээлчдэдээ захиалга өгч нэвтрүүлгээ хийлгэнэ. Телевиз өөрөө нэвтрүүлгийн бодлогоо барьж эхэлж байна гэсэн үг л дээ. Нэвтрүүлгийн ийм шинэчлэсэн бодлогыг тодорхой уран бүтээлчдийн оролцоо дэмжлэгтэйгээр боловсруулсан. Продюссерт тулгуурласан бодлого ч гэж хэлж болно. Продюссерын систем гэдэг нь өрсөлдөөнөөс чанарыг олж авах, уран бүтээлчдийн оролцоо үр дүнгээр нь цалинжуулах орчин үеийн телевизүүдийн бас нэгэн үр ашигтай хувилбар юм аа.

-МҮОНТ-ийн уран бүтээлчид “Ч.Даваабаяр манай телевизийг зөвхөн бизнесмэний ухаанаараа авч явах гээд байна. Энэ бол бизнесийн биш олон нийтийн байгууллага шүү” гэж ярихыг сонссон. Гэтэл Монголын томоохон бизнесмэнүүд олон нийтийн, улсын байгууллага ч ашигтай ажиллах ёстой гэж байр сууриа илэрхийлж байна?

-Олон жил нэг хүний, нэг багийн арга барилаар явж ирсэн зүйлийг өөрчлөх хэцүү л дээ. Хэцүү байдаг гэдэг нь сая харагдлаа. Ганцаараа өөрчлөлтийг хийхгүй юм байна, нийгмээрээ, олон нийтээрээ өөрчлөлтийг хийх ёстой юм байна гэдгийг ойлголоо. Би өөрөө очоод хичнээн сайхан юм хийе, нэвтрүүлье гээд нэмэргүйг мэдэрлээ. Би бизнесийн салбарт ажилладаг байхдаа талбай бүрийг үр дүнтэй болгодог туршлагатай байсан. Үйл ажиллагаа бүр нь өөрөө өөрийнхөө зардлыг нөхдөг, байгууллагадаа ашигтай байх зарчмыг хувийн хэвшил баримталдаг. Энэ үүднээс хүмүүсээ ажлын байранд зөв байрлуулах ёстой. Түүнээс биш МҮОНТ-д нэвтэрсэн, чи энэ алба, нэгдэлд харьяалагд гээд хуваарилчихдаг зарчмаар хол явахгүй ээ. Би бүх юмыг нь үр дүнтэй, энэ байгууллагад хэмнэлттэй байгаасай гэж хүссэн, мөнгөний далд урсгалыг ил болгохыг шаардсан. Хэмнэсэн мөнгө, гарч байгаа үр дүн нь ажилчдынхаа цалинг нэмэгдүүлж, нийгмийн асуудлыг шийдчихдэг байх тийм л юм харагдаад байгаа юм. Өнгөрсөн жил энэ ажлыг авахад миний өмнөх захирлуудад тэрбум дотор л орлогын төлөвлөгөө өгдөг байсан. Гэтэл надад энэ онд бараг хоёр тэрбум төгрөгийн орлогын төлөвлөгөө тавьж өгсөн. Гуравдугаар улирлын байдлаар миний орлогын төлөвлөгөө биелээд л явж байгаа байхгүй юу. Ер нь өнгөрсөн жил гаруйн хугацаанд олон ажил санаачилсан.

-Тэдгээр ажлуудаас товчхон дурдвал болох уу?

-Намайг очиход 600-гийн их студи агуулах шиг л болчихсон байсан юм. Нэвтрүүлэг явуулахад хүндрэлтэй байсан учир зайчилж, чөлөөлсөн. Гаднаас ирсэн бүхий л зочин энэ студид л ирдэг, манай телевизийн нүүр царай шүү дээ. Гэтэл тэр студид урьсан зочдоо модон, төмрөн сандал дээр суулгаад байвал болохгүй шүү дээ. Тиймээс автомат сандлыг санаачилгаараа авч өгсөн. Одоо хэрэглээд л явж байна. Хана руу нь шахаад хураачихна, автоматаар наашаа гараад ирдэг юм.

Гар утасны цэсэнд МҮОНТ-ийг суулгасан. Ингэснээр хүмүүс хаанаас ч хэзээ манай телевизийг үздэг болсон.

МҮОНТ анх удаа Цагаан сарын баяраар 24 цагаар тасралтгүй гурван өдөр эфирээ цацсан. Түүхэндээ анх удаа үндэсний телевиз маань эфирээ 24 цагаар цацсан нь энэ.

Хамт олонтойгоо нийлээд телевизийнхээ нэгдүгээр давхарт “Кофе корнер” байгуулсан. Манай уран бүтээлчид гаднаас ирж байгаа зочдоо өрөөндөө хүлээн авч кофе уудаг байсан. Энэ нь ажлын цаг ашиглалтад нөлөөлөөд байсан бас зочдоо авчраад өрөө өрөөндөө суугаад байхаар тухгүй байсан учир би өөрөө санаачлаад кафегаа нээсэн юм. Одоо манайхан тэндээ зочидтойгоо ажил төрлийн яриагаа өрнүүлээд л суудаг болсон. Халуун цай, кофе ууж, зууш идэнгээ халуун сайхан яриа өрнүүлдэг тийм л газар. Захирал байхдаа уран бүтээлчдэдээ зориулж хийсэн ажил даа.

46 жилийн түүхэнд МҮОНТ-ийн үе үеийн уран бүтээлчдийн хийсэн бүтээлүүдийг бүгдийг нь Оюуны өмчийн газарт бүртгүүлж, хамгаалсан. Энэ бол миний захирлаар ажиллаж байхдаа МҮОНТ-д хийж гүйцэтгэсэн үнэ цэнэтэй ажлын нэг. Ганцхан жил ажиллахдаа уран бүтээлчдийнхээ түүхийг, бүтээлийг баталгаажууллаа. Энэ бол жилээс жилд улам л үнэ цэнэд орно оо.

1967 онд МҮОНТ эфирээ цацаж эхлэхдээ наадмыг бүрэн бүрэлдэхүүнээр шууд дамжуулж байсан түүхтэй. Харин бид өнөө жилийн наадмаар дахин бүрэн бүрэлдэхүүнээр, 200 гаруй хүн ажиллаж, дөрвөн газраас телемост хийж, баяр наадмыг шууд дамжуулсан.

-Хаана хаанаас шууд дамжууллаа?

-Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Сүхбаатарын талбай, 600-гийн их студиэс шууд дамжуулсан. Энд манай ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан. Энэ том ажлын ард гарчихаад дараа нь манай гавьяатууд, олон жил ажилласан уран бүтээлчид маань “1967 онд наадмаар ажиллаж байсан сайхан үе санаанд бууж байна. Одоо л ингэж өөрчлөлт шинэчлэл хийж байна. Багаараа ажиллах ямар гоё юм бэ” гэж байсан. Баяр наадмын дараа манай телевизийн рейтинг огцом нэмэгдсэн. Уран бүтээлчдийн маань урам зориг сэргэсэн.

Би энд байхдаа нэгэн хэвийн байсан юмыг нь өөрчлөхийг хичээж, өөрчлөөд л яваад байсан. Сая есдүгээр сарын 27-нд телевизийн баярын өдрөөр тоон технологийн нээлтэд тууз хайчилж таарсан. Хуучин манай нэг, хоёрдугаар суваг тусдаа эфир явдаг байсан бол сая удирдлагын төв аппарат ашиглалтад орсноор  нэг дор дөрвөн телевизийн эфир явах боломжтой болж байна. Энэ боломжуудыг ашиглахын тулд дараа жил дахиад хоёр телевизийн суваг нээе гэж төлөвлөгөөндөө тусгачихсан байсан. Би энэ тухайгаа ерөнхий захиралдаа танилцуулсан. Мэдээ болон спортоо тусад нь суваг болгож, ирэх онд дөрвөн сувагтайгаар үйл ажиллагаагаа явуулъя гэж төлөвлөж байсан.

-Сүүлийн үед МҮОНТ-ийг хувьчлах, менежментийн хувьд өөрчлөх асуудал яригдаж байна. Та уг телевизэд өөрчлөлтийг аль хувилбараар нь хийхийг зорьж байсан бэ?

-Хувьчлалыг би огт дэмжихгүй. Харин бүтцийн өөрчлөлт хийхийг зуун хувь дэмжиж байгаа. Миний төлөвлөчихсөн том ажлуудыг хийхийн тулд заавал бүтцийн шинэчлэл хийх ёстой. Болж өгвөл энэ байгууллагыг нэг өдөр татан буулгаад шууд тушаал гаргаад бүх ажилчдыг нь чөлөөлж нөхөн олговрыг нь олгоно. Тэгээд маргааш нь сонгон шалгаруулалт явуулаад ажилчдаа шинээр сонгох ёстой. Гэхдээ эхний ээлжинд хуучин байсан ажилчдаа сонгон шалгаруулалтад давуу эрхтэйгээр оруулах ёстой. Бас нэг хувилбар буюу миний бодож байгаа өөрчлөлтөөр одоо байгаа ажилчдаасаа нэг ч хүнийг халахгүйгээр бүтцийн шинэчлэл хийхийн тулд тодорхой хэмжээний шалгуур тавина. Нэгдлийн дарга бол төдөн жил ажилласан байх ёстой, багаар бодоход магистрын зэрэгтэй байх ёстой гэдэг ч юм уу, хэрвээ энэ хүн 2014 онд нэгдлийн даргаар ажиллах юм бол ямар ямар бодлогын чанартай ажлуудад оролцох юм гээд удирдлагууд нь дунд шатны менежерүүдтэйгээ илүү ойртож ажиллах ёстой байхгүй юу.

Нэгдлийн даргын ур чадвар хэр сайн байна, тэр хэрээр тэндээс гарч буй  контент нэвтрүүлэг олон нийтийн телевизээр нэвтрэх ёстой байхгүй юу. Миний ганц тэмцээд байгаа юм бол дунд шатны менежерүүд маань өөрсдийгөө байнга хөгжүүлж, энэ зах зээл дээр ажил мэргэжлийн өрсөлдөөнд бэлэн байлгах ёстой. Чадвартай нэгдлийн дарга нартай л байх ёстой. Хамгийн өндөр шаардлага, хариуцлага, боловсролтой байх ёстой хүмүүс бол алба, нэгдлийн дарга нар. Гэтэл энэ дарга нар өөрсдөө телевиз дотор телевиз байгуулчихаад байна. Дарга нар нь бие биедээ шаардлага тавьж чадахгүй болсон. Ийм болохоор ямар юмных нь мундаг чадвартай боловсон хүчин байх вэ. Ингэхээр нэгдлийн дарга нар нь манлайлагч байж чадахаа больчихож байгаа юм. Бид бүх шатандаа манлайлагчдыг бэлтгэх ёстой. Ингэж байж л МҮОНТ орчин үеийн зах зээл дээр одоо байгаа брэндээ улам илүү гялтгануулж, гялалзуулж явна аа гэсэн үг. Удирдлагын баг нь муу ажиллах юм бол мянган хүчтэй брэнд байгаад яах юм бэ.

-Ч.Даваабаяр гэдэг хүн МҮОНТ-д үнэхээр их юм хийе, өөрчилье, шинэчилье гэсэн сэтгэл өвөртлөн ирсэн байжээ гэсэн сэтгэгдэл таны ярианаас анзаарагдлаа. Их сайхан ажлууд төлөвлөөд эхлүүлээд явж байхад таныг хамт олны зарим нь эсэргүүцэж, өргөх бичиг барьж, ажлаас халуулахаар хөдөлж эхлэхэд танд яг юу бодогдсон бэ, хувь хүн талаасаа эмзэглэсэн үү?

-Хувь хүн талаасаа эмзэглэж хүлээж авсан. Харамсалтай байсан. Гэхдээ нэгэнт л олон хүний гарын үсэг цуглараад намайг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол өөрийн хүсэлтээр ажлаа өгөх нь миний хувьд ёсзүйн асуудал. Хоёрдугаарт, эр зоригийн асуудал. Үндэсний зөвлөлийн зарим гишүүдтэй уулзаад “Хамт олон бүгдээрээ ингэж байгаа бол би ажлаа өгье. Гэхдээ би ийм ийм ажил хийхээр төлөвлөж байсан юм. Одоо энд ажиллаж байгаа дунд шатны менежерүүд болон удирдаж байгаа удирдлагуудын арга барил дэндүү хоцрогдсон байна” гэдгийг хэлээд гараад явж байхад “Даваабаярыг төрхөмд нь буцаая” гэдэг нийтлэл маш олон сайтууд дээр төлбөртэйгөөр гарч эхэлсэн. Тэгэхээр  нь би “Зүгээр байхад яагаад дахин дахин оролдоод байгаа юм бол оо, би МҮОНТ-ийг яаж хохироов, би эндээс юу идэж ууж вэ” гэж бодсон. Харин ч эсрэгээр би энэ телевизийн ажлыг явуулахын тулд хувиасаа хүртэл юм гаргаж байсан. Миний хувиасаа гаргасан юмнуудыг тэр өргөх бичигт жагсаачихсан байна лээ. Ажилчдаа хоолоор дайлсан, хувийнхаа машинаар ажлаа хийсэн, хувийнхаа камерыг өгсөн, ажилчдынхаа хүүхдүүддээ билет өгч тоглолт үзүүлсэн гээд. Тэнд миний улсын телевизэд хувиасаа гаргасан юмнуудыг харин ч дутуу биччихсэн байна лээ. Тэрийг манай уран бүтээлчид мэдэж байгаа байх аа. Би ажлыг явуулахын тулд хувиасаа гаргаж байсан болохоос биш ямар нэгэн байдлаар эдийн засгийн давуу байдал тогтоох гэж энэ ажлыг хийж ирсэнгүй. Гэвч эргээд тэр нь зарим хүмүүст буруу ойлгогддог юм байна гэдгийг би хатуу ойлгосон. Тийм учраас би энэ ажлыг явуулахын тулд эрх мэдлийн хүрээнд болон хувийнхаа юмыг гаргаж ирсэн. Зарим юмыг хувиасаа гаргахгүйгээр ажил явахгүй тохиолдол байдаг юм. Сэтгэл зүрх байхад, намайг 250 хүн хараад байж байхад хамгийн өндөр цалин өгч чаддаггүй юмаа гэхэд боломжийн цалин, урамшуулал өгөөд, эмчилгээнд нь явуулаад, амраагаад  бүхий л зүйлийг нь би зохицуулах ёстой. Яагаад гэвэл би урьд нь өөр газарт ажиллаж байхдаа 1000 гаруй хүнийг удирдаад л явж байсан. Тэр хүмүүсийг удирдахдаа зовлон жаргалыг хуваалцаад л ирсэн. Тиймээс өнөөдөр 250 хүнийг удирдахад ямар ч асуудалгүй. 250 хүнийг удирдаад сайхан авч явахад надад олгогдсон эрх мэдэл нь хүрэлцээгүй. Шийдвэр гаргаж хүрэлцэхгүй байсан учраас зарим юмыг нь би хувийнхаа юмнаас хийж явсан минь үнэн шүү дээ. Улсын ажлыг явуулж байгаа төр засгийн дарга нар маань иймэрхүү жишээ, үлгэр дуурайлал авч ажиллаасай гэж бодож байгаа. Ирэх жилийн төсөвт машин, компьютер авах төсвийг тэглэчихсэн байгаа. Ийм нөхцөлд ажлаа яаж явуулах уу гэхээр тэр даргын менежментийн асуудал яригдана.

-МҮОНТ-тэй холбоотой ярьж байгаа зүйлсээс тань одоо ч гэсэн хүсэл тэмүүлэл, зорилго мэдрэгдээд байх шиг санагдаж байна?

-Хүний асуудлыг ярьж байгаа бол тухайн хүнийг байлгах ёстой. Гэтэл Үндэсний зөвлөл нь уран бүтээлчидтэй хаалттай уулзсан. Ерөнхий захирал нь хамт олны асуудал яригдаж байхад Үндэсний зөвлөлийн хуралд ирээгүй бас маргааш нь ч гэсэн ажилдаа ирээгүй байж байгаад илбийн юм шиг ажил тарах үед тушаал гаргаад Даваабаярыг ажлаас нь халчихаж байна.

Би хүн шүү дээ. Би МҮОНТ-ээс гарч ч болно. Эргээд орж ч болно. Гэтэл би МҮОНТ-д өөрийн сэтгэл зүрхээрээ сонгон шалгаруулалтад нь орж, сэтгэлээрээ энэ телевизийг хөгжүүлэхийн төлөө хувиасаа хүртэл юм гаргаад л ажиллаж байсан шүү дээ. Энэ миний сэтгэл зүрхний асуудал. Гэтэл би албаны юмаа албандаа ашиглаад хувийнхаа юмаа ч албандаа ашиглаж байсан. Ар гэр, эхнэрийнхээ компаниас татвар нь төлөгдчихсөн асуудалгүй мөнгө, бүтээгдэхүүнийг энэ телевиз рүү оруулж, машиндаа бензин тосоо хувиасаа хийгээд л явж байсан. Ингэж явахад манай ар гэр, компанийнхан дургүй л байсан байх. Гэхдээ ажлаа явуулахын тулд тэдний дургүй байх нь хамаагүй, аваад тийшээ оруулж л байсан. Телевизийн ажлын үр дүн сайн гаргах л ёстой. Том зорилгын төлөө тодорхой хэмжээний эрсдэл, зардал гаргаж байж амжилт ирдэг. Би зардал гаргасан. Эрсдэл нь ч одоо гарч байна. Намайг дэмжиж байгаа олон хүн манай уран бүтээлчид дунд байгаа. Яаж мэдэрсэн бэ гэхээр халагдах тушаал гарсны дараа даваа гарагийн нийтийн хуралд ороод “Жил дөрвөн сарын хугацаанд хамтарч ажилласан хамт олон та бүхэндээ баярлалаа. Намайг дэмжиж байсан хүмүүстээ баярлаж байна” гэж хэлэхэд миний хажуу талд ерөнхий захирал, тамгын газрын дарга нар гэсэн хүмүүс зэрэгцээд сууж байсан. Тэгтэл тэнд байсан уран бүтээлчид намайг дэмжиж нижигнэтэл алга ташиж байсан. Тэд шинэчлэлийг хүсч байна. Дунд шатны дарга нарыг өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгөөд шалгуул гээд байгаа маань дараагийн ирэх даргын ажлын хөрс суурийг бэлдэж өгч байгаа юм. Дараа нь ирэх даргад сайхан боломжийг нь олгоод сайхан ажиллуулаад өгөөсэй гэж хүсч байна. Бас ингээд л нэг өдөр хөөгөөд явуулчихвал энэ телевиз хэзээ ч шинэчлэгдэхгүй, хөгжихгүй.

Алба, нэгдлийн дарга нарыг өөрсдийнхөө хүсэлтээр ажлаа өгөөд шалгуулаарай гэхэд уран бүтээлчид алга ташиж байгаа байхгүй юу. Тэр уур амьсгал өнөөдөр надад эрч хүч энерги өгч байна. Шинэчлэгдэх цаг нь аль хэдийнэ болчихсон. Хэтэрхий оройтоод байгаа, шинэчлэлийг дотроосоо хүсээд байгаа гэдгээ алга ташилтаараа надад мэдрүүлсэн.

Ажлаасаа халагдаад явж байгаа хүнийг хэзээ алга ташиж үдэж байлаа. Үлдэж байгаа хүмүүст халагдаад явж байгаа хүнийг дэмжинэ гэдэг эрсдэлтэй. Тэр бол том эр зориг. Та нартаа баярлалаа гэж дахин хэлье. Хамтарч ажиллахад сайхан байсан. МҮОНТ миний зүрх сэтгэлд цаашдаа ч байна. Яадаг ч байсан телевизээ хөгжөөсэй гэж зүтгэсэн. Энэ бодолдоо үнэнч байна, цаашдаа ч.

Ярилцсан: Д.ГАНСАРУУЛ

Эх сурвалж: dorgio.mn

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …