Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байна.
Ойн хүрээнд хоёр орны хоорондын найрамдалт харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг улам бүр гүнзгийрүүлэх зорилготой олон ажил зохион байгуулж байгаа билээ.
Тэгвэл “ЯПОНЫ КИНО ӨДРҮҮД -2022” арга хэмжээний хүрээнд Тэнгис кино театрт дараах 4 киног Монгол орчуулгатайгаар үнэ төлбөргүй гаргахаар болсон байна.
Киноны нэр: Миний хүсэл
Гарах цаг: 10-р сарын 25-ны өдөр /Мягмар/ 18:00
10-р сарын 29-ний өдөр /Бямба/ 14:00
Найруулагч: Корээда Хироказү
Агуулга: Ах дүү Коичи /12 настай/, Рюносүкэ /10 настай/ нар эцэг эх нь салсны улмаас Хаката болон Кагошимад тус тусдаа амьдарч байв. Тэр үед тэдний амьдарч буй хотыг холбосон Кюүшү Шинкасэн хурдны зам нээгдэж, удахгүй нээлтийн өдөр Хаката болон Кагошима хотоос хөдлөх анхны цахилгаан тэрэг зөрж өнгөрөх тэр мөчид гайхамшиг тохиолдоно гэсэн цуу яриа тархсан байлаа.
Үүнийг сонссон ах дүү хоёр гэр бүлээ дахин хамтдаа байлгахыг хүсэж ”гайхамшиг”-ийг бий болгохоор эргэн тойрныхоо томчуудыг оролцуулан томоохон төлөвлөгөө зохиож эхэлнэ.
Ах дүү хоёр, тэдний гэр бүлд “гайхамшиг” тохиох болов уу?
Энэхүү бүтээл 2018 оны Каннын олон улсын кино наадмын гол шагнал “Palme d’Or” буюу “Алтан навч” шагналыг хүртсэн билээ.
Киноны нэр: Recall
Гарах цаг: 10-р сарын 26-ны өдөр /Мягмар/ 18:00 цаг
10-р сарын 29-ний өдөр /Бямба/ 18:00 цаг
Найруулагч: Мотоки Кацүхидэ
Агуулга: Нэгэн өдөр ачааны машин осолдож, гэр бүлийн хүмүүс нас барсан хэрэг гарна. Ачааны машины засвар, үйлчилгээ муу байснаас үүдэн осол болсон хэмээн олон нийтийн шүүмжлэлийн бай болсон тээврийн компанийн захирал Акамацү ачааны машин өөрөө гэмтэлтэй байсан гэж үзэн, үйлдвэрлэгч болох Хоүп Моторс компаниас шалгаж өгөхийг хүснэ.
Тус компанийн хэрэглэгчийн стратегийн хэлтсийн ажилтан Савада Акамацүгийн хүсэлтийг хүлээн авахаас татгалздаг ч тэрээр өөрөө шалгах явцад компанийн зүгээс нуун дарагдуулах гэж оролдож буй томоохон хуйвалдаан байгааг олж мэднэ.
Акамацү компани болон ажилчид, гэр бүлээ хамгаалахаар тэмцэх бол Савада компанийн ажилтны байр суурь болоод өөрийн үзэл, үнэт зүйл хоёрын дунд зөрчилдөж эхэлнэ. Тэр хоёрын замын төгсгөл ямар байх бол?
Японы хамгийн алдартай зохиолчдын нэг Икэидо Жүн энэхүү сэтгэл догдлом бүтээлийг бодит амьдралын түүхээс сэдэвлэн бичжээ.
Киноны нэр: Пекоросийн ээж ба түүний өдрүүд
Гарах цаг: 10 сарын 27-ны өдөр /Пүрэв/ 18:00
10 сарын 30-ны өдөр (Ням) 14:00
Найруулагч: Морисаки Азүма
Агуулга: “Пекорос” хочтой Окано Юүичи бол манга зурж бичдэг, дуу хөгжимд автсан, ажлаа нэг их анхаардаггүй компанийн ажилтан. Тэрээр санах ой нь улам муудаж буй өндөр настай ээж Мицүэг бодон түүнийг асрах төвд өгнө. Тэнд хөгшчүүд нь хамтдаа дуу дуулсан, гэгээлэг орчин бүхий сайхан газар байв.
Ийм төвд амьдарч байгаа ээжийгээ харсан Юүичи “Зөнөх нь дан ганц муу зүйл биш юм байна” гэж бодох болжээ.
Энэхүү бүтээл нь Японд хурцаар тавигдан, асуудал дагуулсаар байдаг асаргаа сувилгаа, сэтгэцийн эмгэгийг шинэ өнцгөөс харуулсан инээдмийн кино юм.
Киноны нэр: Дураараа л чичир
Гарах цаг: 10 сарын 28-ны өдөр (Баасан) 18:00
10 сарын 30-ны өдөр (Ням) 18:00
Найруулагч: Окү Акико
Агуулга: Дунд сургуульд байхдаа нэг ангийн залуу болох “Ичи /нэг/”-г 10 жилийн турш дотроо хайрлаж яваа 24 настай оффисийн ажилтан бүсгүй Ёшика. Гэтэл гэнэт хамт ажилладаг “Ни /хоёр/” залуу түүнд сэтгэлээ илчилсэнд сэтгэл санаа нь өөдрөг болж буй Ёшика “Нэг”-д өгсөн хайр сэтгэлээс болж “Хоёр”-той харилцаа эхлүүлэхдээ эргэлзэнэ. “Би 2 найз залуутай” хэмээн хувьдаа олон юм ургуулан бодож, толгойгоо гашилган, “Нэг”-ийг мартаж чадахгүйгээс болж түүнтэй уулзахаар ангийнхны уулзалтыг төлөвлөнө. Тэгээд тэр өдөр хоёул уулзахаар болдог ч…
Тэрээр сэтгэлдээ тээсэн хайр болон бодит хайр, 2 залуугийн дунд тээнэгэлзэж буй өөрийн хайр сэтгэлд ямар нэгэн үйлдэл хийхээс айх оффисийн ажилтан бүсгүй, түүний дотор эргэлдэх хэт олон бодлыг дүрсэлсэн инээдмийн кино юм.