Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс Сэлбэ голын төслийн санхүүжилтийг эргүүлэн татахаар боллоо

НИТХ дахь МАН-ын бүлэг Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцэхдээ Сэлбэ голын төслийн нэгжтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй байх улс төрийн шийдвэр гаргалаа.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс уг санхүүжилтийг эргүүлэн татахаар болов.

Мөн Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн төсвийг 1.9 тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэр гаргасныг Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ.

Мөн Сэлбэ голын төсөлтэй холбоотой мэдээлэлд тайлбар хийсэн юм.

Тэрбээр “2015 онд Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын зээлийн хэлэлцээрийн хүрээнд 60 сая ам доллароор Сэлбэ голыг тохижуулах, мөн урсцыг нэмэгдүүлэхээр болсон. Түүнчлэн гурван байршилд томоохон хэмжээний цөөрөм байгуулах нь агаарын чийгшлийг нэмэгдүүлэхээс гадна ундны усны нөөцийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм. 60 сая ам.долларын 95 хувийг БНХАУ-аас гаргах бол үлдсэн таван хувийг нийслэлээс гаргах Засгийн газрын шийдвэр гарсан байдаг. Одоогийн байдлаар тус төсөлд улс, нийслэлийн төсвөөс ямар ч мөнгө зарцуулаагүй. Сэлбэ голын төсөл санхүүжилтгүй болж байгаа учраас төслийн нэгжийг татан буулгах албан тоотыг Сангийн яаманд хүргүүлнэ. Гэхдээ энэ бол Нийслэлийн Засаг дарга дангаараа шийдэх асуудал биш. Сангийн яам татан буулгах эсэхийг эцэслэн шийднэ” гэв.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …