Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд өнгөрөгч ес, аравдугаар сард харилцан айлчлал хийж, санамж бичгээ шинэчилсэн билээ.
Тэгвэл энэхүү айлчлалын хүрээнд БНСУ-ын цахим салбарын “Паблиш” группын Ерөнхийлөгч Сонни Квон, Бизнес хөгжил хариуцсан захирал Ким Жиху нарын төлөөлөл Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд өнөөдөр МСНЭ, Монголын сайтын холбоотой “Блокчэйн дээр суурилсан NFT технологи, Web 3.0 системийг Монголын сэтгүүлзүйд нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.
Ингэснээр, Монголын сэтгүүлчдийн бүтээлийг NFT-гээр эдийн засгийн эргэлтэд оруулах, цаашлаад сэтгүүлзүйн чанартай, даацтай бүтээл буюу сурвалжилга, ярилцлага, гэрэл зураг зэрэг бүтээлийг блокчэйн дээр суурилсан NFT технологиор худалдан борлуулах боломж бүрдэх юм.
“Паблиш” компанийн БНСУ-ын цахим сэтгүүлзүйд нэвтрүүлсэн энэхүү технологийг Монголд нутагшуулах, хэрэгжүүлэх эрхийг Монголын сайтын холбоо хариуцах бөгөөд цахим сэтгүүлзүйн бүтээл илүү үнэ цэнэтэй болох, сэтгүүлчийн оюуны өмч хамгаалагдах, сэтгүүлчид оюуны бүтээлээ үнэ цэнэтэй болгох, дан ганц Монголын зах зээлээс бус дэлхийн зах зээлээс ашиг олох боломжийг бүрдүүлж өгч буйгаараа онцлог гэдгийг “Монголын сайтын холбоо”-ны тэргүүн Э.Батхүү энэхүү санамж бичгийг зурах үеэр онцлов.
“Паблиш” компанийн төлөөлөл өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралтай уулзахаас гадна Монголын цахим салбарын зарим төлөөлөлтэй уулзаж, Web 3.0 технологийн талаар мэдээлэл хуваалцах аж.