1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 3–ныг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр болгон зарласан байдаг. Түүнээс хойш энэ өдрийг дэлхий нийтээрээ 30 дахь жилдээ тэмдэглэн, өнгөрүүлж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр бол тэмдэглэлт баяр гэхээсээ илүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг нийгмээрээ олж харж, гарц гаргалгаа эрэлхийлэх ёстой чухал өдөр. Мөн эл иргэдийн хувьд ч нийгэмдээ дуу хойлойгоо хүргэж, өөрсдийгөө өөр өнцгөөс харуулах алтан боломж юм.
Энэ жилийн тухайд манай улсад Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг “Хүртээмжтэй хөгжлийн дэвшилттэй шийдлүүд: Хүртээмжтэй эрх тэгш байдлыг дэмжихэд инновацын үүрэг” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын санаачилгаар “Хөгжлийн бэрхшээл ба тэгш боломж-2022” парламентийн мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулсан.
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын 8 дугаар зүйлийн 2-т “Олон нийтэд чиглэгдсэн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, олныг хамарсан ажлыг санаачлан зохион байгуулах”, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “Хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх” гэж тус тус заасны дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар 2017 оноос хойш 5 дахь жилдээ тус үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.
Энэхүү тэмцээнд 20 их, дээд сургууль, политехник коллежийн 150 гаруй оюутан, залуус оролцож, хөгжлийн бэрхшээлийн ойлголт, хандлага, нэр томьёо болоод хөдөлмөр эрхлэлт, хууль эрх зүйн орчны талаар мэтгэлцсэн байна. Тэмцээнийг парламентын мэтгэлцээний үндэсний аваргын сорилго болгож, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимтай хамтран зохион байгуулсан нь үр дүнгээ өгч, оролцогчдын тоо нь ч өмнөх жилүүдийнхээсээ өссөн аж.
Залуусын сэтгэлгээ өөрчлөгдөж, нийгмийн цөөнхийнхөө эрхийн төлөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг болсон нь энэ удаагийн үйл ажиллагаанаас илүүтэй харагдлаа. Магадгүй үүнд л жил бүр бид Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлдгийн учир шалтгаан нуугдаж байгаа биз ээ..
Гэхдээ эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь өөрсдийнхөө эрх ашгийн төлөө дуу хоолойгоо илэрхийлэхгүй, хананы цаана нуугддаг байж болохгүй. Хаа хаанаа “хүч хавсарч” байж л бид хэнийг ч ялгадаггүй “эрүүл” нийгмийг цогцлоох учиртай юм. Үүнийг л анхаарчих хэрэгтэй.
Эерэг нийгмийн төлөө хамтдаа…
Д.Сүрэн