Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2023.01.12) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд, эдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх, асуудлыг хэлэлцлээ.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн багц хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлүүдийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Аюурсайхан танилцуулсан юм.
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн зорилт нь нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, бие даасан, олон давхаргат тогтолцоонд шилжүүлэх, сангийн хөрөнгийг зохистой удирдаж, алдагдалгүй түвшинд хүргэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэж буй юм.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийгмийн даатгалын тогтолцоо, зарчим, төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, уг санг удирдах, хөрөнгийг хуваарилах, зарцуулах, тайлагнах, хяналт тавих, сангийн хэтийн тооцооллыг хийх, эрсдэлийг үнэлэх, нийгмийн даатгалд даатгуулах, шимтгэл төлөх, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын итгэлцүүр, шимтгэлийг нөхөн төлүүлэх, буцаан олгох, тэтгэврийн нөөц санг байгуулах, нэрийн дансны бүртгэлийг мөнгөжүүлэх, мөнгөжүүлсэн орлогыг өвлүүлэх, шимтгэлийн өр, хөөн хэлэлцэх хугацааг тогтоох, мэдээллийн нэгдсэн сан болон нийгмийн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлох харилцааг тусгасан талаар сайд танилцуулав.
Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийн насыг жил бүр гурван сараар нэмэгдүүлж буйг хэвээр үргэлжлүүлэх, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлдэг болгох, тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулах, олон жил шимтгэл төлөхийг урамшуулах, тэтгэвэр тогтоолгох дараалсан жилийг 84 сар байгааг 60 сар болгож бууруулах, өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт болон бусад нөхцөлийг тусгасан байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгохоор харин ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхээр өнөөдрийн мөрдөж буй хуулийн зохицуулалтыг хэвээр хадгалж, харин бөөрний хүнд хэлбэрийн дутагдал, эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн болон эрхтэний донор болсон даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь ажлын 66 хоног байгааг 132 хоног болгож нэмэгдүүлснийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Аюурсайхан дурдлаа. Нэг болон ихэр хүүхэд төрүүлсэн эхийн амаржсаны тэтгэмжийг одоо мөрдөж буй хуульд адил хугацаагаар бодохоор заасныг өөрчлөн ихэр хүүхэд төрүүлсэн эхчүүдэд тэтгэмжийг 20 хоног нэмэгдүүлэн олгохоор тусгажээ. Мөн ажилгүйдлийн даатгалын сангаас олгох тэтгэмжийг бодох хувийг нэмэгдүүлэн, даатгуулагчийг ажилгүй болохоос урьдчилан сэргийлэх, ажлын байранд нь тогтвор, суурьшилтай, урт хугацаанд ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ажил олгогчид таван жилд нэг удаа 10 хувиар шимтгэлийн хөнгөлөлт үзүүлж байсныг гурван жилд нэг удаа 15 хувиар үзүүлэхээр заасан байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үйлдвэрлэлийн ослын улмаас сул зогссон хугацаанд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон ажилтнаа тохирсон ажлын байраар хангасан тохиолдолд шимтгэлээс чөлөөлөхөөр, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын төлбөрийг даатгалын сангийн тухайн жилийн шимтгэлийн орлогын хоёр хувиас ихгүй байхаар, тэтгэвэр авагчдын протез, ортопедын үнийг таван жилд нэг удаа 100 хувиар, дараагийн удаа 50 хувиар тооцон сангаас хариуцаж байсныг гурван жил тутамд 100 хувиар хариуцахаар тусгасан байна. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулсан ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлтийг гурван жилд 10 хувиар тооцон үзүүлдэг байсныг 15 хувь болгон нэмэгдүүлсэн, даатгуулагч тэтгэвэр, тэтгэмж авах өргөдлөө цахимаар өгөх, үйлчилгээг түргэн шуурхай болгох боломжийг бүрдүүлсэн талаар сайд Т.Аюурсайхан танилцууллаа.
Хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд, тэдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар уг төслүүдийг хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Б.Бейсен, Б.Жаргалмаа нар танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл, Ц.Туваан, М.Оюунчимэг, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, Ц.Мөнхцэцэг, Н.Учрал, Н.Наранбаатар, Б.Энхбаяр, Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар, С.Чинзориг нар асуулт асууж, санал хэлэв.
Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд, эдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.
Байнгын хороо хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл бүрээр Ажлын хэсэг байгуулж, нягт нямбай ажиллахыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чиглэл болгов.
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Засгийн газраас санаачилж, өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай хэлэлцүүлгийг явууллаа. Төсөл санаачлагчийн илтгэлийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Аюурсайхан танилцуулав.
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг 11 бүлэг, 60 зүйлтэйгээр боловсруулсан байна. Хуулийн төслөөр хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэх, хуримтлал үүсгэх, хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, хувийн нэмэлт тэтгэвэр олгох, тэтгэврийг өвлүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан талаар сайд Т.Аюурсайхан танилцуулгадаа дурдав. Хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа нь сайн дурын шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлалын, засаглал нь ил тод, санхүүгийн хувьд тогтвортой, найдвартай, бие даасан, өвлөгддөг байх зарчмыг хуулийн төсөлд тусгасан байна.
Хуулийн төслийг хэлэлцэх, эсэх талаар Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат танилцууллаа.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ц.Туваан нар хувийн тэтгэврийн сангийн эрсдэлийг хэрхэн хаах талаар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен хувийн тэтгэврийн санг эрсдэлгүй ажиллуулах, мөн нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаанд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар тооцохыг Байнгын хороонд сануулав.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.