Н.Мягмар: 2023 онд төмөр замын шилжүүлэн ачих терминал ашиглалтад оруулна

Монгол Улсын Засгийн газраас  Тавантолгой төмөр зам ХХК-д Онцгой Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Н.Мягмартай 2023 онд хийх төмөр замын бүтээн байгуулалтын талаар ярилцлаа.


Тавантолгой төмөр зам ХХК, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замтай холбоотойгоор хоёр талын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ талаар тодруулбал?

-“БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэчлэлийн хороо, Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яам, Сангийн яам хооронд байгуулсан Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичиг”, “Монгол, Хятадын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр зам болон нүүрс худалдах, худалдан авах талаар хамтран ажиллах ерөнхий хэлэлцээр”-ийн холбогдох шаардлагуудыг хэрэгжүүлэх зорилгоор Тавантолгой төмөр зам ХХК болон БНХАУ-ын “ЧЭИ”, “БТЗ” компани нарын хооронд 2023 оны хоёрдугаар сарын 07-09-ний өдөр Гашуунсухайт, Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжих талаар ярилцан харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Тус санамж бичиг байгуулсны ач холбогдол нь юу вэ?

-Ганц мод боомттой холбох шинэ зам нь хоёр улсын хооронд төмөр замын ачааллыг мэдэгдэхүйц бууруулна. Санамж бичиг байгуулснаар хил гаалийн шалган нэвтрүүлэх хугацааг багасгах, боомтын хөгжил дэвшилд шууд нөлөөлөх ач холбогдолтой.

Тээврийн салбар нь  Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гол хүчин зүйл. Энэ төслийн бүтээн байгуулалт нь Хятад-Монголын нүүрсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээ шаардлагад нийцэж байгаа юм. Тээврийн зардлыг бууруулах, эрчим хүч хэмнэх, байгаль орчинд ээлтэй зэрэг олон давуу талтай.

2023 онд хил холболтын төмөр зам, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, шилжүүлэн ачих терминал барьж байгуулах гээд олон ажил хийх байх. Энэ талаар тодруулбал. 2023 онд ямар төлөвлөгөөтэй ажиллах вэ?

-“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьд 2023 онд 5 сая тонн ачаа тээвэрлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар 2023 онд экспортын нүүрс тээврийн хэмжээг нэмэгдүүлэхээр Эрдэнэс тавантолгой ХХК-тай  харилцан тохиролцож, гэрээ байгуулсан.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замд Монголын Транс Ложистик ХХК-тай Тавантолгой-Цогтцэций чиглэлд “Суурь бүтэц ашиглуулах, тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх” гэрээг үзэглэж, 1-1.5 сая тонн ачаа тээвэрлэх урьдчилсан төлөвтэй байна.

Шилжүүлэн ачих терминал нь Тавантолгойн бүлэг ордоос төмөр замын тээврээр ачигдсан чингэлэгтэй ачааг вагоноос автомашинд шилжүүлэн ачих, талбайд хадгалах, экспортын тээвэртэй холбоотой бичиг баримтын бүрдүүлэлт, төлбөр тооцоог хийх нэг цэгийн үйлчилгээ бүхий 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай байгууламж юм.

Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлд төмөр замаар тээвэрлэсэн ачааг автотээвэрт шилжүүлэн ачиж чингэлэгт тээврийн терминалаар дамжуулан Гашуунсухайт боомтоор гаргах экспортын тээврийг гүйцэтгэнэ. ШАТ-чингэлгийн терминал, чингэлгийн терминал-ШАТ хүртэл нийт 4.8 км сайжруулсан авто зам барина. Чингэлгийн талбайн хүчин чадал 1 талбайтай үед 12.4 сая.тн, 2 талбайтай үед 24.9 сая.тн байна. Ашиглалтанд орсноор 167 ажлын байр бий болно. Уг терминалын барилга угсралтын ажил 2022-04-22-ны өдөр эхлээд газар шорооны ажил 100%, дөрвөлжин хоолойн ажил 100%, дугуй хоолойн ажил 100%, дээд бүтцийн ажил 99,43%-тай явагдаж байгаа бөгөөд 2023 онд барилга байгууламж бүрэн ашиглалтад орно.

Та өнгөрсөн оны 12 дугаар сард тус компанид Бүрэн Эрхт төлөөлөгчөөр томилогдсон. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаасаа дурдвал?

– Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон. Нэгдүгээрт, Тавантолгой төмөр зам” ХХК-д шалгалтын ажил үргэлжилж байгаа.

Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэс Монгол” ХХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг байгууллагуудын төлөөллийг багтаасан ажлын хэсэг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хөрөнгө оруулалт, бизнес төлөвлөгөөнд заасан зорилт, арга хэмжээний хэрэгжилт, худалдан авах ажиллагаа, санхүүгийн иж бүрэн хамтарсан хяналт, шалгалт хийж байна.

Шалгалт ажлын 21 хоног үргэлжлэх бөгөөд шалгалтын үр дүнгээс хамаарч цаашид холбогдох арга хэмжээг авч ажиллана.

Хоёрдугаарт, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар экспортын нүүрс тээврийн хэмжээг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2023 онд Эрдэнэс тавантолгой компанитай 2.5 сая тонн нүүрсийг төмөр замаар тээвэрлэхээр харилцан тохиролцож 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх” гэрээг байгууллаа. Ингэснээр тус чиглэлд хоногт 6400 тонн экспортын нүүрсийг төмөр замаар тээвэрлэх боломж бүрдэж байна.

Гуравдугаарт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт дуусч төмөр замын зүгшрүүлэлтийн тээвэр эхэлсэнтэй уялдуулан “Монголиан Транс Ложистик” ХХК-тай Тавантолгой-Цогтцэций чиглэлд “Суурь бүтэц ашиглуулах, тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх” гэрээг байгуулав. Ингэснээр тус чиглэлд 1-1,5 сая тонн ачаа тээвэрлэх урьдчилсан төлөвтэй байна.

Суурь бүтэц эзэмшигчийн техникийн бололцоог харгалзан үзэж тээвэрлэгчийн зүгээс СКД4В серийн нэг секцийн зүтгүүрийг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн экспортын нүүрс тээвэрлэлтэд ашиглуулахаар боллоо.

Дөрөвдүгээрт, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам, Богдхан төмөр зам төслүүдийн нийт 39 гэрээг маш нууц, нууцын зэрэглэлээс гаргасан.

Тавдугаарт, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26,27-ны өдөр техникийн комисс ажиллаж, байнгын ашиглалтад хүлээн авах бэлтгэл хангасан тухай дүгнэлт гарсан.

Зургадугаарт, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд валютын орлого төвлөрүүлэх, экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувийн өмчийн компанид түрээслэсэн байсан 100 хагас вагоныг Төрийн өмчийн “Монголросцветмет” ТӨҮГ-т түрээслүүлэх ажлыг зохион байгуулсан.

Ингэснээр тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхэд зохих дэмжлэг үзүүлсэн арга хэмжээ болсон.

Долдугаарт, АНУ-ын “Прогресс рэйл” компанийн удирдлагуудыг Монголд ажиллах үеэр хүлээн авч уулзаж, мэдээлэл сонслоо. Тус компанийн мэдээлж буйгаар ирэх IV улирлаас зүтгүүрүүдийг нийлүүлж эхлэн, 2023 ондоо багтаан нийлүүлж дуусахаа мэдэгдсэн.  

Эцэст нь, Зам, тээврийн хөгжлийн яам 2023 оныг БҮРЭН ЦАХИМЖСАН, БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ ҮР ДҮНГ ТООЦОХ ЖИЛ болгон, салбарын хэмжээнд НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД, төрийн үйлчилгээг иргэддээ шуурхай хүргэх зорилт тавьсан.

Үүнтэй холбогдуулан “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтоор батлуулан, гарын үсэг зурж баталгаажууллаа. Нэгэнт батлуулсан төлөвлөгөөгөө бүрэн дүүрэн ажил хэрэг болгохын төлөө зүтгэнэ дээ.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …