Нийслэлийн хоёр албан хаагч Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаалаа. Тодруулбал, Улаанбаатар театр ОНӨТҮГ-ын уран сайхны удирдаач Р.Мөнхсайхан, Соёлын төв өргөөний захирал Д.Ариунбаатар нар өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Урлагийн гавьяат зүтгэлтэн цол гардан авсан юм.
Монгол Улс болон нийслэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, төрийн дээд цолоор шагнагдсан эдгээр эрхэмд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, НЗДТГ-ын дарга И.Баатархүү болон холбогдох албаныхан баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө “Нийслэлийнхээ нэрийг өндөрт өргөж, хүндтэй шагнал хүртсэн та бүхэнд Хотын дарга болон нийслэлийн удирдлагуудын нэрийн өмнөөс баяр хүргэе. Нийслэлд оруулсан хувь нэмэрт тань талархал илэрхийлж, урлагийн их үйлсэд нь амжилт хүсье” хэмээв.
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, олны дунд “Рок” нэрээр алдаршсан найруулагч, продюсер Р.Мөнхсайхан нь урлагийн салбарт 40 жил хүчин зүтгэж, нийслэлд өдгөө 11 дэх жилдээ ажиллаж байна. Тэрбээр 30 гаруй төсөл, уран бүтээлчдийн 200 гаруй клип, 20 гаруй киноны зохиол, найруулгыг хийж, 100 гаруй тоглолтыг санаачлан, найруулагч, продюсероор ажиллаж байсан юм.
Харин Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, дуурийн дуучин Д.Ариунбаатар нь урлагийн салбарт 23 жил хүчин зүтгэж байгаа бөгөөд нийслэлд 2021 оноос хойш ажиллаж буй юм.
Тэрбээр Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр төгсөж, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт дуучин, Улаанбаатар чуулга болон Монгол Улсын консерваторид орлогч даргаар ажиллаж байсан бөгөөд өдгөө Соёлын төв өргөөний захирлын үүргийг гүйцэтгэж байна.