Авлигатай тэмцэх газраас өнөөдөр Нүүрсний гэх тодотголтой хэргийн мөрдөн шалгах ажлын явцын талаарх мэдээллийг хийлээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар:
-Нэгжлэг хийх ажиллагааг 166 объектод
-Хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 437 удаа,
-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч 1032 хүнээс мэдүүлэг авч,
-Байгууллага, аж ахуйн нэгж, иргэнээс 973 баримт материал гаргуулан авсан зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.
Өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах явцад нийт 85 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Яллагдагч нарыг албан тушаалын байдлаар авч үзвэл нийтийн албан тушаалтан 48 шалгагдаж байна.
Үүнд:
Улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн-6
Зам тээврийн хөгжлийн сайд асан –1,
Төрийн нарийн бичгийн дарга асан –1,
Аймаг, сумын Засаг дарга –4,
ИТХ-ын дарга –1,
УИХ-ын гишүүний зөвлөх –1,
Гаалийн улсын байцаагч –12,
Хил хамгаалах байгууллага –4,
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ –4,
Өмнөговь аймгийн Газрын харилцаа зохион байгуулалтын албаны газрын даамал-2
Боомтын захиргааны мэргэжилтэн –2,
“Эрдэнэс таван толгой” ХК –7,
“Тавантолгой төмөр зам” ХХК –3,
Нэр бүхий хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан –15
22 иргэн тус тус байна.
Үүний 24 албан тушаалтныг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,
14 албан тушаалтныг хахууль авах, 26 иргэн, албан тушаалтныг хахууль өгөх,
21 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.
Одоо 8 яллагдагч цагдан хоригдож байна.
Үүнээс гадна улсын хилээр гарахыг хязгаарласан 41, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх 4, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 26 яллагдагчид аваад байна.
УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх нь саад учруулж байна гэж үзээд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналаа Ерөнхий прокурорт хүргүүлж байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг яллагдагчаар татан шалгаж байгаа. Өөрөө УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн учраас АТГ-аас түдгэлзүүлэх санал өгөх шаардлагагүй гэж үзсэн.
Нүүрсний гэх тодотголтой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад шинэ нөхцөл байдлууд тогтоогдож байгаа.
Монгол Улсын хилээр буюу Гашуунсухайт боомтоор манай улс руу нэвтэрсэн тээврийн хэрэгслүүдийн бүртгэл дээр шалгалтын ажиллагааг явуулж байна. Ажлын хэсгээс хил хамгаалах болон гаалийн байгууллагатай хамтран тээврийн хэрэгслийн бүртгэлийн серверүүдийг шалгаж байгаа юм.
Одоогийн байдлаар 11,000 гаруй тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн мэдээллийг устгасан нөхцөл байдал тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.